Гадаадад байгаа 7374 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ
Гадаад улсад байгаа монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дууссан. Энэ хугацаанд нийт 7374 иргэн бүртгэгджээ.
Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан. Хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгэгдсэн аж.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд авахаар УИХ тогтоосон.
Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаад улсад байгаа нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байсан байна.