СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Сонгогчдын нэрсийн жагсаалтыг ирэх сарын 1-нд гаргана
УИХ-ын 2017 оны 13 дугаар тогтоолоор Ерөнхийлөгчийн сонгуулийн товлон зарласан. Тогтоолын дагуу Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-ны өдөр болох тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө болон цаг хугацааны хуваарийг баталжээ.
II сард: Сонгуулийн хэсгүүдийг байгуулна. Хэсгүүдийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулах хуулийн заалттай юм. Энэ ажил хийгдэж буй бөгөөд энэ сарын 26-наас өмнө хэсгүүдийг байгуулах юм байна.
III сард: Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудыг сургалтад хамруулж, гэрчилгээ олгоно. Мэдээллийн санг бүрдүүлнэ.
IV сард: Сонгуулийн байгууллагууд байгуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, гадаадад байгаа иргэдийн саналыг авах комиссууд байгуулагдана.
V сард: Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана.
VI сард: Сонгуулийн сурталчилгаа явагдана. Саналыг хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, саналын машины техникийн үйлчилгээ хийж, хэсгүүдэд хүргэнэ.
СЕХ-ны даргаЧ.Содномцэрэн “Сонгогчдын нэрсийн жагсаалтыг ирэх сарын 1-нд гаргаж, цахим хуудсанд байршууллна. Жилд хоёр сая орчим сонгогч бүртгэгддэг. Одоогоор 2 сая 52 мянган сонгогчийн бүртгэл гараад буй аж. Гэхдээ энэ бүртгэл санал хураах хүртэл өөрчлөгдөнө” гэлээ. Харин гадаадад байгаа монголчууд зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд саналаа өгөх юм байна.