2016 оны сонгуулийг өндөр түвшинд зохион байгуулсан гэж ЕАБХАБ дүгнэжээ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд болсон гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны /ЕАБХАБ/ байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдын олон улсын баг дүгнэжээ.
Олон улсын багийн ахлагч, Элчин сайд хатагтай Одри Гловер өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж, УИХ-ын 2016 оны сонгуулийг ажигласан тайлан зөвлөмжийг танилцуулсан байна.
Тайланд сонгууль зохион байгуулах үеийн улс төрийн орчин ямар байсан, хууль эрх зүйн хүрээ болон сонгуулийн тогтолцоо ямар байсан, сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалтыг хэрхэн хийсэн түүнчлэн сонгогчийн болон нэр дэвшигчдийн бүртгэл, сонгуулийн сурталчилгааны орчин, зардал, өргөдөл, гомдлыг хэрхэн барагдуулж байсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хэрхэн хангаж байсан зэрэг асуудалд ажиглалт хийж тодорхой зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, сонгуулийн тогтолцоонд суурь өөрчлөлтүүдийг оройтуулж хийсэн нь энэ удаагийн сонгуулийн явцад тохиолдсон олон хүндрэлтэй асуудлын шалтгаан болсныг тайландаа дурьджээ.
ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас Монгол Улсын сонгуулийн байгууллагад сонгууль зохион байгуулах олон улсын арга туршлагаас хуваалцах, сонгуулийн системийг улам боловсронгуй болгох, сонгуулийн хууль тогтоомжид үнэлгээ хийх зэрэгт бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ олон улсын багийн ахлагч, Элчин сайд Одри Гловер илэрхийлжээ.
Мөн Монгол Улсын СЕХ сонгууль зохион байгуулах талаар хуримтлуулсан арга туршлагынхаа мэдээллийг Австрийн Вена хотод суугаа Европын Холбооны улсыг хариуцсан Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгчөөрөө дамжуулан ЕАБХАБ-ын бусад гишүүн орнуудад танилцуулахыг хүсэв.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн зохион байгуулалтыг өндөр үнэлж, үнэтэй зөвлөмж өгсөн явдалд талархаж байгаагаа илэрхйилээд сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар УИХ-д өгсөн саналынхаа талаар тухайлбал, сонгуулийн тогтолцоог хангалттай хугацааны өмнө тогтоож өгөх, нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарласан заалтуудыг цөөлөх, сонгуультай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох зэрэг талаарх саналаа танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдын багийг ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив.