УИХ-ын сонгуулийн хамгийн, хамгийн
Улс төрийн ууган хүчин гэгдэх МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулсан энэ удаагийн сонгууль олон талаар онцлог боллоо. Гадны хэвлэл мэдээлэл ч сонгуулийн дүнг эртнээс дүгнэж МАН-ынхан ялалт байгуулна хэмээн дүгнэж байв. Гэвч эвслийн Засгийн газар байгуулагдах нь гэсэн улс төрийн дүгнэлт хэдийдсэн том дүгнэлт байсныг энэ удаагийн сонгуулийн дүн харуулав. Тэгвэл өнөө жилийн УИХ-ын сонгуулиар хамгийн хамгийн зүйл юу байсныг тоймлон хүргэе.
Хамгийн олон эмэгтэй гишүүд
Энэ жилийн сонгуулиар хамгийн олон эмэгтэй гишүүнтэй боллоо. Өнгөрсөн сонгуулиар холимог системийг оруулж өгсний хүчинд УИХ-д 11 эмэгтэй гишүүнтэй болж байсан. Тэгвэл энэ удаад жижиг можаритор системийг ашигласан ч 13 эмэгтэй УИХ-д сууж чадлаа. Тэдний 12 нь эрх барих эрхээ авсан МАН-ынхан бол, нэг нь АН-аас сонгогджээ.
Тодруулбал, Завхан аймгаас АН-аас нэр дэвшч сонгогдсон Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа АН-ын ганц эмэгтэй нэр дэвшигч боллоо. Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Сарангэрэл улиран сонгогдсон мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг, Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч асан М.Оюунчимэг, “Монполимет” группийн Гүйцэтгэх захирал Ц.Гарамжав, “Бишрэлт” группийн Б.Ундармаа, МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал А.Ундраа, “Билэг” их дэлгүүрийн эзэн М.Билэгт, Өмнөговь аймгийн Санхүүгийн хэлтсийн хорооны дарга асан, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Аймгийн МАН-ын дарга Н.Амарзаяа, Яруу найрагч, Зохиолчдын эвлэлийн дарга Г.Мөнхцэцэг, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нарын эмэгтэй гишүүдтэй болжээ.
Хамгийн өндөр саналтай бие даагч
УИХ-ын өнөө жилийн сонгуулиар 69 бие даагч өрсөлдсөнөөс МУГЖ С.Жавхлан Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшч ялалт байгууллаа. Тэрбээр, тус тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдээс хол тасархай буюу 11029 хүний саналаар ялалт байгууллаа. Тэгвэл өнөө жилийн сонгуулиар хамгийн олон хүний саналыг Дорноговь аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшсэн, “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан 15606 хүний санал авчээ. Мөн Хөвсгөл аймагт нэр дэвшигч Ц.Даваасүрэн 14291 саналтай байжээ. Тэгвэл өнөө жилийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдээс хамгийн бага саналыг АН-ын Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Л.Болд авчээ. Тэрбээр, 5226 хүний санал авсан байна.
Хамгийн залуу улстөрч 29 настай
Өнөө жилийн сонгуулиар хамгийн залуу нэр дэвшигч Хэнтий аймагт ялалт байгуулсан юм. Тодруулбал, 1987 оны өдгөө 29 настай залуу улстөрч Д.Гантулга Хэнтий аймагт Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай өрсөлдөж ялалт байгуулсан юм. Тэрбээр, 5735 хүний санал авчээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамгийн олон жил буюу долоо дахь удаагаа УИХ-д суух эрхээ авлаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан долоон удаа сонгогдсон бол, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар тус тус таван удаа сонгогджээ.
2016 оны ард түмний сонголтын хамгийн, хамгийн
УИХ-д өнөө жил хамгийн олон спортын төлөөлөл суух нь ээ. Тодруулбал, МАН-ын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Д.Сумъяабазар, Дархан аварга А.Сүхбат нар суух нь. Мөн нэг яруу найрагчтай, нэг МУГЖ-тэй УИХ бүрдэж байна. Мөн энэ жилийн сонгуулиар хамгийн олон төлөөлөлтэй аймгаар Увс аймаг шалгарсан аж. УИХ-ын 76 гишүүнээс Увс аймгийн харьяалалтай найман гишүүн байгаа бол Хөвсгөл, Архангай аймгаас тус бүр зургаан гишүүн байгаа юм байна. Тэгвэл өнөө жил мөн л эгч дүү хоёр нэг парламентад сууна гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, АН-аас Б.Наранхүү, МАН-аас Б.Саранчимэг нарын төрсөн эгч дүүс төр түшилцэхээр болов. Худ хоёр болох С.Бямбацогт, Д.Батцогт нар өрсөлдөж, ах дүү хоёр болох Ш.Батсамбуу, Ш.Сайхансамбуу нар нэг тойрогт өрсөлдсөн сонгууль боллоо. Мөн өнгөрсөн сонгуулиар бүлэг байгуулах хэмжээнд суудал авч байсан МАХН энэ удаа УИХ-д ганцхан төлөөлөлтэй болсон юм.