Ж.Энхбаяр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үгийг төрд хүргэнэ
Баянзүрхийн 50 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Энхбаярын иргэд сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт бүхэн өөрийн онцлогтой болж байна.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын асуудал, хүний хөгжлийн чиглэлээр тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн хүрсэн тогтолцоо бүрдүүлэх, ямар гарц гаргалгаагаар нийгмийн оролцоог нь хангах талаар танилцуулах уулзалт болов. Иргэн, сонгогч бүртээ хүрсэн төрийн бодлого хэрэгжүүлэхийн тулд нийгмийн бүлэг бүхний асуудал бэрхшээлийг мөрийн хөтөлбөртөө тусгах нь улстөрийн хүчний зорилго.
Тэр зорилгыг хангах эхний алхамаа хийн сурталчилгааны хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсож, хэлэх эрхийг нь хэрэгжүүлнэ гэдэг нэр дэвшигчийн оновчтой санаа байлаа. Уулзалтад ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлээр мөрийн хөтөлбөрөө тайлбарлуулсанд тэд ихэд талархаж байв. МАН-ын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу нийгмийн зорилтот бүлэгтээ чиглэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд хэвийн оролцох боломжийг бүрдүүлэх бодлого баримтална”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурах, хөгжих үйлчилгээ үзүүлдэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэсэн заалтууд оржээ.
Нэр дэвшигч ч “Өнгөрсөн дөрвөн жилийн бондын их өрөөс эрүүл мэнд, боловсролын салбарт нэг ч төгрөг зарцуулаагүй хачирхалтай баримт бий. Тийшээ хөрөнгө оруулалт хийгдээгүй байхаар хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн хандсан нь тодорхой. Бид энгийн зүйлээс эхэлнэ. Аливаа соёл, нийгмийн үйлчилгээ үзүүлэх газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих зам, шугамыг өргөтгөх, улам тав тухтай болгоно. Тийм шаардлагыг биелүүлж, бүрдүүлдаг байгууллага хамт олныг төрөөс дэмжиж, бодлогоор улам олон болгоно.
Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинд анхаарна. Би та бүхнийхээ үгийг төрд хүргэх эрхэм үүрэг хүлээлээ...” гэхчилэн ярилаа.