Ж.Энхбаяр: MINEGOLIA биш MINDGOLIA болъё

2016 оны 9 сарын 08

Монгол Улс хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн нэг хэсэг. Бид шинжлэх ухааны эрин үед амьдарч байгаа. Дэлхий ертөнц даяаршиж, шинэ мянганыхан гэгдэх орчин цагийн залуус маргаашийн найдвар, өнөөдрийн шинэ хүч. Тэдний нэг хэсэг Баянзүрх дүүргийн залуусийн төлөөлөлтэй УИХ-ын 50 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаяр өчигдөр уулзав. Тусгаар тогтнолын ордны долоон давхарын буюу 800 хүний багтаамжтай танхим хөл гишгэх зайгүй байлаа. Уулзалтын эхэнд нэр дэвшигч Ж.Энхбаяр “Оюутолгой ба Оюунлаг толгой” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, энэ зууны хөгжлийн хувьсал, технологийн шинэчлэл, өөрчлөлт, дэвшлийн талаар халуун яриа өрнүүллээ. Тэрбээр, “Уул уурхайн бус арга замаар эдийн засгийн боломжуудыг нээх нь Монголын хөгжлийн гарц. Монгол контент буюу оюунлаг монгол толгойг ашиглан дэлхийн зах зээлд мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн гарвал долоон тэрбум хүнтэй асар том зах зээл биднийг хүлээж байна. Чингис хаан, нүүдлийн соёл иргэншил бол монголчуудыг дэлхийн тавцанд таниулсан нэрийн хуудас. Харин сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараар л гадаад ертөнцөд яригдаж байна. Тэгвэл одоо өөр шинэ зүйлээр буюу MINEGOLIA биш MINDGOLIA буюу уул уурхайн Монгол биш оюунлаг Монгол болж дэлхийд танигдах цаг болжээ” хэмээн Ж.Энхбаяр Монголын залуучуудад уриаллаа. Тухайлбал, “Angry bird” гэж бүгд мэднэ. Ийнхүү оюуны бүтээгдэхүүн болгож худалдаалсан, ашиг ба амжилтын дээд хүрсэн гурван залуу 20-хон настайдаа бизнесээ эхэлсэн байдаг. 50 удаагийн оролдлого, хийсэн бүтээгдэхүүн нь амжилт олоогүй тэд таръя гэж шийдсэн яг тэр үедээ гаргасан эцсийн бүтээлээрээ тэрбумтнууд болсоныг Ж.Энхбаяр яриандаа жишээлэв. “Та бүхэн зорилгоо тодорхойлж амжаагүй бол тодорхойл, тууштай, шантрахгүй зүтгэ, тэмц. Та бүхний өмнө шинэ боломж, бололцоо бий болж байна. Бид бүхэн, манай нам түүний төлөө ажиллах болно” гэв.

Уулзалтад оролцсон Ж.Ренчинтогмид Оюутны хотхон байгуулах болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуусаа хэрхэн эх орондоо авчрах, татах талаар нэр дэвшигчээс тодруулахад “Манай нийслэл өнөөдөр ачааллаа даахгүй байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд нийгмийн тулгамдсан асуудал ихтэй. Тиймээс Улаанбаатар хотын дагуул хотууд бий болгож, Багануур, Налайхад Оюутны хотхон байгуулахаар бид төлөвлөж байгаа. Өмнө нь судалгаа, тооцоолол хийгдсэн ч энэ дөрвөн жилд хэрэгжсэнгүй. МАН эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулж, мэргэжлийн Засгийн газар байгуулна. Улс төрийн нөхцөл байдал тогтворжиж, эдийн засаг сайжрах үед гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа эх орондоо ажиллах, амьдрах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэв. Н.Гэрэлмаа “Оюунлаг санааг хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудал дээр гацаа үүсдэг. Үүнийг яаж шийдэж өгөх вэ?” гэхэд “МАН-ын хөтөлбөрт залуучуудад чиглэсэн олон бодлогоо бид тусгасан. Энэ хүрээнд өндөр технологийн 2000 энтрепренёр мэргэжилтэн бэлтгэнэ. Залуучуудад бизнесийн гарааны дэмжлэг үзүүлж, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийг тоног төхөөрөмжийн лизинг, жижиг зээлд хамруулах арга хэмжээ авахаар заагдсан байгаа” гэхчилэн асуулт хариултууд өрнөв. Ийн МАН-ын энэ удаагийн сонгуульд залуусаа дэмжсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, итгэл нь бадарсан залуусын алга ташилтаар уулзалт өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36107
0 эможи
keyboard_arrow_up