Сонгуулийн хуулийг мөрдөж ажиллахыг сануулав
Шударга Өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Б.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа сайтуудад анхааруулга гаргаж байна. Уян хатан байх үүднээс зөрчил гаргасан вэб сайтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тайлбар хийлгэхээр дуудаж уулзаж байна” гэлээ. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 6-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураах аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансааг тогтоох зорилгоор шалгаруулалт, хурал зохион байгуулах бусдыг гүтгэн доромжлох мэдээлэл тараахыг хориглоно” хэмээн заасан юм. Эл хуулийн заалтыг мөрдөж ажиллахыг мөн тэрбээр энэ үеэр онцоллоо.
Хуульд зааснаар тус газар нь Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хяналт тавих журам”-ын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль дүрмэнд заасан чиг үүргийн дагуу шалгалт тавьж ажиллаж байгаа аж. Сонгуулийн санал хурааж дуустал нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хуулиа чанд барьж ажиллахыг санууллаа.