24 баримт: Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз, интернет орчинг хэрхэн ашиглах вэ
Сонгуулийн сурталчилгаа эхлээд нэлээд хэд хонож байна. Энэ хугацаанд нэр дэвшигчидтэй холбоотой таагүй мэдээлэл цацагдах, сурталчилгааны материалыг урж, сүйтгэх гээд таагүй явлууд олонтоо гарч байна. Хуулиараа бол энэ бүхэн нь хориотой бөгөөд хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ч тодорхой зааж өгсөн билээ. Тэгвэл сонгуулийн сурталчилгаанд радио, телевизийг хэрхэн ашиглах талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана.
Баримт 2. Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйл буюу сонгуулийн сурталчилгааг зөрчсөн үйлдэлд доор дурдсан хэмжээний торгууль ногдуулна. Нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, Сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, Хууль зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Баримт 3. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоогоогүй, Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдаагүй бол хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
Баримт 4. Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлгийг өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр нэвтрүүлж болно.
Баримт 5. Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг сонгуулийн төв байгууллагаас сонгуульд оролцогч нам, эвсэл, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тус бүрээр тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн үнэ төлбөргүй нэвтрүүлнэ.
Баримт 6. Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс таваас доошгүй хоногийн өмнө батална.
Баримт 7. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.
Баримт 8. Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна. Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно.
Баримт 9. Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байна.
Баримт 10. Сонгуулийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлсэн телевиз, радио сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй. Харин Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлээгүй телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
Баримт 11. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ.
Баримт 12. Сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нэр дэвшигч, нам, эвсэлд тэгш хандах үүрэгтэй.
Баримт 13. Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно.
Баримт 14. Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн дөрвөөс доошгүй төлөөлөл оролцсон байна.
Баримт 15. Сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэх, радио, телевизээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно.
Баримт 16. Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллах ба энэ хуульд заасан зөрчил гаргахгүй байх, гарсан зөрчлийг нэн даруй зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллага, мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.
Баримт 17. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх энэ хуульд заасан журам зөрчсөн радио, телевизэд нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин давтвал санал авах өдөр хүртэл үйл ажиллагааг нь тухайн зөвшөөрлийг олгосон байгууллага зогсооно.
Баримт 18. Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ. Сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нэр дэвшигч, нам, эвсэлд тэгш хандах үүрэгтэй. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг сонгуулийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлнэ гэж заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
Сонгуулийн сурталчилгаанд интернет орчинг хэрхэн ашиглаж болох вэ
Баримт 19. Нэр дэвшигч, нам, эвсэл буюу тэдгээрийн сонгуулийн штаб сонгуулийн сурталчилгаанд зориулж сонгуулийн сурталчилгааны цахим хуудас ажиллуулж болно.
Баримт 20. Сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна.
Баримт 21. Сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно. Мөн сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана.
Баримт 22. Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно.
Баримт 23. Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг ашиглаагүй, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглаагүй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно.
Баримт 24. Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг дурдаагүй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана.