Сонгуулийн хуулиа дээдэлж ажиллахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Хууль эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ "Дархан-Уул, Говь-Алтай, Өмнөговь аймгийн сонгуулийн хороод МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн асуудал" хэмээн мэдээллээ.
МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Хууль зөрчсөн" хэмээн шийдвэр гарчээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тус аймгуудын Сонгуулийн хороод шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэнэ.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн орон нутгийн сонгуульд тус намаас нэр дэвшсэн нэр бүхий 7 хүнийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон ч шийдвэр хэрэгжихгүй байгаа аж. Гэтэл тус аймгийн Сонгуулийн хороо шүүхийн энэхүү шийдвэрийг давж заалдана гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн цаг хожих, нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахгүй, нэрийг нь саналын хуудсанд бичих хугацаа олгохгүй байх гэсэн зорилгыг агуулсан гэдэг нь тодорхой байна гэж УИХ-ын гишүүн Су.Батболд хэллээ.
Түүнчлэн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид дээрх Сонгуулийн хороодыг хуулиа дээдлэн ажиллахыг шаардаж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ орон нутагт нэр дэвших эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа МАН-ын нэр дэвшигчид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн байгааг дуулгав.