С.Чимгээ: Нэг хүний төлөө өр зүрхээ зориулж чаддаг хүн түмний төлөө зүтгэж чадна, М.Оюунчимэг бол тийм эмэгтэй
М.Оюунчимэг гэдэг энэ бүсгүйг би ганцхан өгүүлбэрээр тодорхойлбол “Муухан эрээс дээр эмэгтэй” гэж хэлнэ.
Телевизийн салбарт би 20 жил боллоо. Үүний 14-15 жилд М.Оюунчимэгтэй хамтарч ажиллаж, тэр хүний өдөр тутам бэлтгэсэн мэдээ, сурвалжлагыг уншиж үзэгчдэд дамжуулж хүргэсэн байна. Хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа телевизийн сэтгүүлзүйн салбарт маш цөөхөн байдаг чадварлаг, мэдлэгтэй, зүтгэлтэй, маш сэтгэлтэй, хийж байгаа зүйлдээ үнэнч цөөхөн сэтгүүлчийн нэг гэж үнэлдэг. Дээр нь сэтгүүлчийн хувьд олон гадаад хэлтэй, мэргэжлийн сэтгүүлчийн хувьд онол, практикийг амьдрал дээр хослуулж өдөр тутмын мэргэжлийн ажилдаа хэрэглэж чаддаг сэтгүүлч гэдгээр нь би маш өндөр хувиар үнэлдэг. Хийж байгаа мэдээ сурвалжлага нь маш тодорхой, ойлгомжтой байдаг. Өнөөдөр би ийм сэдэв хөндөж, сэдвээ хөндөхийн тулд юу хийх вэ гэдгээ маш нарийн тодорхойлж, түүндээ бүхий л сэтгэлээ зориулж чаддаг хүн. Одоо зарим зүйл дээр анзаарч байхад зарим залуу сэтгүүлчид “Энэ миний хийх л ёстой ажил. Би мэдээгээ бичих ёстой” гэсэн байдлаар бичээд өнгөрдөг. Оюунчимэгийн хийдэг нь юугаараа онцлог вэ гэвэл тэр хүн үнэхээр байгаа бүхий л чадвараа минут 30 секунд юмуу, хоёр минутын мэдээнд шингээдэг учраас энэ хүний мэдээ нь үнэндээ 100 хувь үзэгчдэд хүрч чаддаг байсан. Өнөөдрийн нийгэмд ховордоод байгаа сэтгэлээсээ юманд хандах, чин үнэнчээр хандах хандлага энэ хүнд үнэхээр цогцолсон. Тэр чанар энэ хүнээс арилахгүй, арилгаж чадахгүй. Хоёрдугаарт, хувь хүнийх нь хувьд би энэ хүнийг их үнэлдэг. Хүн чанар гэдэг юм хэцүү болж байгаа энэ цаг үед оюунчимэг шиг аль нэг ядарсан, аль нэг сэтгэл санаагаар тавгүй байгаа хэн нэгэнд боломжийн хэрээр дэм болоод явах сэтгэлтэй хүн цөөхөн байх. Өөрөөр хэлбэл, хэн нэгний төлөө өөрийгөө гаргуунд хаях чадвартай байж тэр хүн магадгүй нэг бус ард түмний төлөө зүтгэнэ. Нэг хүний төлөө өөрийнхөө өр зүрхийг зориулж чаддаг хүн ард түмний төлөө зүтгэж чадна, М.Оюунчимэг бол тийм эмэгтэй. Бид хоёр нэг удаа ажлын асуудлаас болж ам зөрсөн удаатай. Ганцхан удаагийн энэ явдал миний ой тоонд маш гүнзгий үлдсэн байдаг. Би дотроо жоохон эмзэглэж байсан бол маргааш нь Оюунаа юу ч болоогүй юм шиг мэндлээд л ажлаа яриад эхэлсэн. Тэгээд би их ховор чанар юм байна, ажлыг хүн ингэж л хийх ёстой гэж бодсон. Би одоо ч залууччуудаа хэлдэг. Ажлын төлөө, ажлаас болж хоорондоо маргалдаж болно. Хамгийн гол нь бидний хамтын бүтээл ажлын үр дүн сайн гарах хэрэгтэй л гэж хэлдэг. Оюунаагаас миний сурсан, одоо ч амьдрал дээр хэрэгжүүлдэг зүйл энэ. Тэр бас шулуун шударга зантай. Ямар ч дарга ямбатан байсан болохгүй байгаа зүйлийг нь хэлж л орхидог. Тэглээ гээд маргааш тэр хүнтэйгээ шүд зууж муухай харьцдаггүй. Инээмсэглээд л ажлаа хамтраад хийдэг. Ийм сайхан итгэлтэй, зүтгэлтэй дээрээс нь эмэгтэй хүн төр засгийг барилцах, удирдах улс орныхоо хувь заяаг шийдвэрлэлцээд илүү сайхан болгоод яваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Мөн телевизийн салбараас маань нэг хүн төр түшилцбэл хичнээн сайхан байх вэ гэж л бодож сууна. УИХ-д сулхан эмэгтэй хүн байх зай байхгүй. Нэг тийм намбайсан зөөлөн хүн хэрэггүй. Улс төр өөрөө хатуу. Шударга шулуун, маш хатуу зарчимч, өөрийн гэсэн байр сууриндаа бат зогсож чаддаг л хүн УИХ- д хэрэгтэй. М.Оюунчимэг бол тийм л хүн. Ямарваа нэгэн болох, болохгүй асуудал дээр дуугүй суугаад өнгөрөх хүн хэзээ ч биш. Ёстой нөгөө цавчаад гарна гэдэг шиг эрэлхэг дайчин бүсгүй дээ.