Сонгууль угтсан сюрприз №...

2016 оны 6 сарын 10

        Өчигдөр сонгууль угтсан сюрприз №3 задарлаа. Сүүлийн үед Засгийн газар долоо хоног бүр ээлжит бусаар хуралдаж иргэддээ гэнэтийн бэлэг барьсан шийдвэрийг гаргадаг болов. Ч.Сайханбилэгийн Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөнө гэж гүйсээр иргэд рүү гээ хандсан ажил хийхээ мартсан гэж дүгнэж болно. Харин сонгууль угтан иргэддээ хайр зарлаж тэтгэвэр, халамжийн мөнгийг нэмэв. Мөн Тавантолгойн 1072 хувьцааг нь нэг сая төгрөгөөр худалдаж авахаа мэдэгдлээ. Тэтгэвэр нэмж, Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх ажил хийснийг нь буруутгах гээгүй ч үүнийгээ өмнө нь хийж байхгүй яасан юм гэдэг бодол эрхгүй төрнө. Мэдээж сонгууль угтаж ажил хийх нь Шийдлийн Засгийн газрын цаашлаад Ерөнхий сайдын намынх нь хувь заяанд эерэгээр нөлөөлөх учир их уралдааны өмнө ийнхүү иргэдийн санаа бодлыг эргүүлж, итгэлийг нь авах гэсэн нь энэ биз. Ингээд ч болов иргэдийг баярлуулсанд нь талархъя. Уг нь Засгийн газар ямар нэгэн барьцаа, зальгүйгээр л иргэдийнхээ төлөө ажилладаг баймаар байгаа юм. Засгийн газрын ард иргэддээ барьж буй сюрпризүүдийг багцлан хүргэж байна.

Сюрприз №1. Тэтгэвэр нэмэгдлээ
 Засгийн газраас Хүүхдийн баярын өдөртэй зэрэгцэн тэтгэвэр нэмж эхний сюрпризээ барив. Тэгэхээр энэ сараас тэтгэвэр нэмэгдэж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус, тус шинэчлэн тогтоосон юм. Энэ талаар Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2012 онд 180 300 төгрөг байсан бол 2016 онд 251 000-д хүрч 40 хувиар нэмэгджээ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 49 хувиар нэмэгдэж, 216 000 төгрөгт хүрсэн байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 306 200 төгрөг болж 38 хувиар нэмэгджээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжсэн” гэв.
 
Сюрприз №2. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
 Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоов. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна. 
 
Сюрприз №3. Тавантолгойн 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна
 Засгийн газар өчигдөр хуралдаж Тавантолгойн хувьцааны "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцээд дэмжжээ. Тодруулбал, иргэн бүрт тараасан 1072 ширхэг  хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргалаа гэж Ерөнхий сайд өөрийн биеэр мэдэгдэв. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй юм байна. Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.
 Сонгуулийн санал хураалт болоход 19 хоног дутуу байна. Энэ хугацаанд Засгийн газраас олон сюрпризийг бидэнд барих байх даа.
 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34448
0 эможи
keyboard_arrow_up