Намгүй сонголт

2016 оны 6 сарын 09

Монгол Улсыг Монголын шилдэг тэргүүний хүмүүс удирдан жолоодох учиртай билээ. Гэтэл бүх шатны сонгуульд зөвхөн намууд гишүүдээсээ нэр дэвшүүлэн, дээр нь мөнгөний боломжтой цөөн тооны хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, тэднээс сонгогдсон нь төрийн эрх барьдаг хуультай болохоор дээрх зорилго хэрэгжих боломжгүй байсаар байна.

Монгол Улсын нийт хүн амын насанд хүрэгчдийн дотроос тэргүүний сайчуудаа намын гишүүнчлэлээр ялгаварлахгүйгээр тодруулж, төр, засгийн алба хашуулдаг тогтолцоог бий болгохыг олон нийт хүсч, улмаар шаардах болсоор багагүй хугацаа өнгөрч байна.
 
Үүнтэй уялдуулан ”НАМГҮЙ СОНГОЛТ” явуулах хувилбарыг ЭНЭ ӨГҮҮЛЛЭЭР санал болгож байгаа бөгөөд энэ санал нь Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тоггоомжид өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломжтой юм.
 
НАМГҮЙ СОНГОЛТЫН ҮНДЭСЛЭЛ
 
Намгүй сонголт явуулъя гэдэг нь намуудыг устгах зорилгогүй, харин намууд өнөөгийнх шиг хатуу гишүүнчлэл нүсэр бүгэцтэй биш, цомхон бүтэцтэй, одоогийнхоос ялгаатай нь Эрдэм шинжилгээний хүрээлэн хэлбэрээр ажилладаг болно гэсэн үг юм.
 
Энэ хүрээлэн улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдралд хөтлөх үзэл баримтлал, хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулдаг байх бөгөөд энэ баримт бичиг нь тухайн намын мөрийн хөтөлбөр болно.
 
Энэ тохиолдолд одоогийн намуудын хэрэгжүүлж буй гол үүрэг болох сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг ажил нь өөр субьектэд шилжин, сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо удирдан явуулна.
 
НАМГҮЙ СОНГОЛТЫН НЭР ДЭВШИГЧ
 
Сонгуульд нэр дэвшигч нь намын гишүүнчлэлээс татгалзсан, эсвэл нам бус байна. Намын харьяалалгүй хүмүүс УИХ-д сонгогдохын тулд эхлээд сум хороо, аймгийн төвийн багууд дээр өрсөлдөнө. Тэднийг одоогийн тогтсон практик шиг намууд нэр дэвшүүлэхгүй харин тухайн сум, хороо багийн иргэдийн Нийтийн хурлаас нэр дэвшүүлэх зохицуулалттай байхын зэрэгцээ хамгийн гол нь сонирхсон хүн бүр өөрсдөө бие даан нэр дэвших өргөн боломжоор хангагдсан байна.
Намын харьяалалгүй хүмүүс УИХ-д сонгогдохын тулд эхлээд сум хороо, аймгийн төвийн багууд дээр өрсөлдөнө.

 
Бие даан нэр дэвшихэд одоогийнх шиг олон хүний гарын үсэг цуглуул гэхгүй, харин өр төлбөргүй, ял шийтгэлгүй, зөв төлөвшилтэй байх зэрэг хүн чанарын шаардлагуудыг хангасан байхыг шалгуур болгохын зэрэгцээ ажлын чадвар туршлагатайтай байхыг чухалчилна.Энэ болзлыг хангасан тухайн нутгийн харьяат иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана оршин сууж байгаагаас үл хамааран өөрийн төрсөн нутагтаа болон өөрийг нь таньж мэдэх сум, хороо, аймгийн төвийн багт очин тухайн тойргийн Сонгуулийн хороонд бүртгүүлэн өрсөлдөнө.
 
Ийнхүү сум, хороо, багт нэр дэвшин өрсөлдөхөд одоогийн сонгуулиас ялгаатай дараах дэвшил, сайн үр дүнгүүд гарна.

Үүнд:
 
1. Нэр дэвшигч нь өөрийн сум хороо багт өөрийг нь таньж. мэдэх хүмүүсийнхээ хүрээллээс сонгодох тул одоогийн сонгууль шиг өөрийг нь огт танихгүй сонгогчдод үнэн худал нь тодорхойгүй амлалт өгч, тэр амлалтаараа сонгогддог “хуурамч” гэмээр тогтолцоо халагдана.
 
Сум, хороо, багийнхан нь нэр дэвшигчийн хүмүүжил төлөвшил, зан суртахуун, хийсэн бүтээсэн зүйл, ааш авир, удам угсааг мэдэх тул “Эднийхэн" итгэж болохгүй” гэх юм уу, “Эднийхэн хэдэн үеэрээ төвшин томоотой явсан хүмүүс яасан ч худлаа ярьж хуурч мэхлэхгүй" гэх зэргээр дүгнэх тул өрсөлдөгч хүмүүсээс хэн илүүг нь олж сонгох бодит боломж бүрдэнэ.
2. Нэг нутгийн бие биесээ сайн мэдэх хүмүүс хоорондоо өрсөлдөж байгаа болохоор өөрийн өрсөлдөгчийг нутгийнхандаа гүтгэн ярих, худал муулах боломжгүй болно. Ингэснээр эв эеэ хичээдэг Монгол ёс жудаг хадгалагдан үлдэнэ.
3. Нэг сум, хороо, багт бие биенээ мэдэх хүмүүс нэр дэвших тул тэд өөрөөсөө аль ч талаараа илүү нэгэндээ сайн дураараа “бууж өгөн” нэрээ татах учир олон хүн өрсөлдөн бужигнахгүй, эрэмбэ цэгцгэй сонгууль болно.
4. Нэр дэвшигч нь нэг нутаг усны сайн таньж мэдэх хүмүүсийнхээ саналыг бэлэг сэлт өгөх замаар худалдан авч чадахгүй. Ийм үйлдэл хийхийг нутгийнхан нь нэр дэвшигчийн талаар сөрөг ойлголт авах тул энэ нь өөрийнхөө эсрэг сурталчилгаа хийсэнтэй адил болно. Ингэснээр мөнгөний сонгуупь хийдэг бохир арга үгүй болно.
5. Хороо, аймгийн төвийн багаас нэр дэвших хүн баг, хорооныхондоо танигдахын тулд тэнд олон талын ажил санаачлан хийдэг сайн эхлэл бий болно. “Дөчин мянгатын хүүхдүүд”, “Манай байрныхан”, “Нэг гудамжныхан” гэх мэтээр ярьдаг нь хот суурин газарт нутгийн харьяалал байдгийг харуулдаг.
 
Ийнхүү дээрх аргаар сонгууль явуулахад өнөөгийн сонгуулийн тогтолцоонд байдаг худал амлах, хуурч мэхлэх, өрсөлдөгчөө муулах, намаараа түрий барих, мөнгөөр санал худалдаж авах, нүсэр сурталчилгаа хийж их хэмжээний хөрөнгө мөнгийг үр ашиггүй урсгах зэрэг сөрөг үр дагавруууд арилах юм.
 
Энд ялгааг нь ойлговол зохих нэг зүйл байгаа нь сум, хороо, багийн Засаг даргыг нийт иргэдээс сонгоход ах дүү хамаатан садан олонтой нь сонгогдоно гэж болгоомжилдог гажуудал гарахгүй юм. Учир нь тухайн нутаг дэвсгэрээс сонгогдож байгаа хүмүүс нь өөрийн сум, хороо багтаа дарга болон үлдэх бус, харин аймаг дүүргийн Нэгдсэн хуралд оролцон, тэндээс УИХ-д сонгогдох, улмаар улс орны удирдах албан тушаалд ажиллахын төлөө өрсөлдөх тул аль ч сум, хороо баг өөрийн нутгийн шилдэг хүнээ сонгон, цаашид өрсөлдүүлэх сэтгэлээр сонгуульд хандах нь тодорхой юм.
 
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ СОНГОХ
 
Дээрх аргачлалаар сум, хороо, баг бүрээс хүн амынхаа тооноос хамааран 2-4 хүн сонгогдох бөгөөд тэд тус тусын аймаг, дүүрэгтээ цуглан аймаг дүүргийн Нэгдсэн хурлыг хийнэ.
 
Энэхүү Нэгдсэн хурлыг хамгийн ахмад нь даргалан хуралдуулж, тухайн аймаг, дүүргээс УИХ-д суух гишүү-дийг өөрсдийн дундаас сонгоно.
 
Үүнийг Говь-Алтай аймгаар жишээлэн тайлбарлая. Говь-Алтай аймаг 17 сумгай, аймгийн төвдөө таван багтай нь 22 сонгуулийн нэгжтэй гэсэн үг. Энэхүү 22 нэгж дээр тус тусын нэр дэвшигчид өрсөлдөж, нэг нэгжээс хоёр хүн сонгогдон ирж, аймгийн Нэгдсэн хурал 44 гишүүний бүрэлдэхүүнтэй болно. Энэ 44 гишүүн нь тухайн аймгийн нутгаас төрөн гарсан шилдэг тэргүүний хүмүүсийн төлөөлөл тул тэдний хэн нь ч УИХ-ын гишүүн болоход шаардлага бүрэн хангах юм. Иймээс эдний дотроос УИХ-ын гишүүнийг дараах аргачлалаар сонгоно.
 
Үүнд:
 
1. Сонгуулийн хуудсанд 44 хүний нэрийг бичиж, гишүүн бүрт санал хураалтын хуудсыг олгоно.
2. Говь-Алтай аймаг нэг мандаттай тул Нэгдсэн хурлын гишүүн бүр УИХ-ын нэг мандат дээр гурван хүний нэрийг (нэрийн өмнөх дугаарыг дугуйлж) дэвшүүлнэ. Энд нэг хүний нэрийг дэвшүүл гэвэл өөрийнхээ нэрийг, хоёр гишүүний нэрийг дэвшүүл гэвэл өөрийгөө болон нэг гогжээс цуг сонгогдож ирсэн нөхрийгөө хамт дэвшүүлэх магадлалтай тул сонголт хийх боломж бүрдэхгүй юм. Иймээс заавал гурван хүний нэр дэвшүүлж байгаа болно.
3. Энэ санал хураалтаар цөөн санал авсан тодорхой тооны гишүүн гарах тул тэднийг хасч, үлдсэн хүмүүсийг жагсаалтад бичин саналын хуудсыг дахин үйлдэнэ. Жишээ нь, эхний санал хураалтаар хамгийн цөөн, ижил санал авсан таван хүн хасагдсан гэж үзвэл хоёр дахь саналын хуудсанд 39 хүний нэр бичигдэнэ.
4. Шинээр 39 хүний нэр бүхий саналын хуудсыг дахин 44 гишүүнд олгох бөгөөд тэд мөн дээрхийн адил гурван хүний нэрийг дугуйлж нууцаар саналаа хураалгана.
5. Энэхүү хоёр дахь санал хураалтаар мөн цөөн ижил санал авсан гишүүдийн нэрийг хасч, үлдсэн хүмүүсийг нэрсийн жагсаалтад бичин, дахин 44 гишүүн нууцаар санал хураалгана. Энэ мэтээр санал хураалтыг давтан явуулсаар УИХ-д суух нэг гишүүнийг тодруулна. Энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь нэг удаагийн санал хураалгын дараа хэдэн хүнийг нэрсийн жагсаалтаас хасах тоог урьдчилан тогтоох боломжгүй юм. Жишээ нь, нэг санал хураалтаар нэг аймаг, (дүүрэг)-т хамгийн цөөн ижил санал авсан хүн гурван байвал гурван хүнийг, өөр нэг тойрогт цөөн ижил тооны саналтай хүн таван байвал таван хүнийг, гурав дахь аймаг (дүүрэг)-т цөөн ижил саналтай хүн найман байвал найман хүнийг хасна.
 
Ингэхээр аймаг дүүрэг бүрт нэг удаагийн санал хураалтаар төдөн хүнийг хасна гэсэн урдчилсан тоо тогтоож өгөх боломжгүй байна. Үүний нэг адилаар аймаг дуүрэг бүрт санал хураалтыг хэдэн удаа явуулах тоо нь нэг удаагиин санал хураалтаар хэдэн хүн хасагдаж байгаагаас хамааран тойрог бүрт өөрөөр тогтоогдоно. Хэдийгээр ингэж нэг уцаагийн санал хураалтаар хасагдах хүний тоо болон санал хураалтыг хэдэн удаа давтан явуупах тооны хувьд аймаг дүүрэг бүр адилгүй байж болох боловч энэ нь сонгуулийн үр дүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй юм.
 
Ийнхүү дээрх аргачлалаар 1 мандатгай тойрогг 1 хүн, 2 мандаттайд 2 хүн, түүнчлэн 3, 4 мандаттай бол төдий тооны хүн үлдтэл саналыг дахин давтан хураасаар аймаг, дүүрэг бүрээс УИХ-д суух гишүүдийг тодруулна
 
УИХ-ЫН ДАРГЫГ СОНГОЖ, ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛАХ
 
УИХ-д сонгогдсон ги-шүүдээс хамгийн ахмад нь анхдугаар чуулганаа даргалан хуралдуулж, гишүүн бүр УИХ-ын даргад 2 хүний нэрийг нууцаар дэвшүүлэн, цөөн санал авсан хүнийг нэрсийн жагсаалтаас хасах замаар сонголтыг үргэлжлүүлсээр (аймаг дүүрэгт явуупсан сонгуулийн аргачлалаар) УИХ-ын даргыг сонгоно.
 
УИХ-ын дарга сонгогдсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллуулах хүнийг УИХ-д оруулан батлуулах бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг УИХ-аар батлуулж Засгийн газрыг бүрдүүлнэ. Ийнхүү төр засгаа эмхлэн байгуулна.
 
НАМУУДЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ
 
Засгийн газар бүрдсэний дараа улс төрийн намууд өөрсдийн боловсруулсан хөгжлийн хөтөлбөрөө Засгийн газарт өргөн барих бөгөөд Засгийн газар тэдгээр хөтөлбөр болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас сонгуульт хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө бүрдүүлэн УИХ-аар батлуулна.
 Ийн батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аль намын хөгжлийн хөтөлбөрөөс ямар хэмжээгээр орсныг гол үндэс болгон намуудыг санхүүжүүлдэг болно.
 Ингэснээр намууд хэн нэгнээс хандив аван, түүнийхээ төлөө санхүүгийн хараат байдалд орохоо больж, цаашид Засгийн газраас санхүүжилт авахын тулд улам сайн хөтөлбөр хийхийн төлөө чармайх бөгөөд ижил буюу ойролцоо хөтөлбөр бүхий намууд хоорондоо нэгдэн нийлэх үндэслэл бүрдэнэ.
 Намууд ийм статустай байх нь сонгуульд нэр дэвшихийн тулд хэн дуртай хүн нам байгуулж, улстөржин хийрхэхгүй болж, гагцхүү эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй, өөрийн гэсэн үзэл баримтлалтай намууд үлдэж шударгаар ажиллах боломж бүрдэнэ.
 
НАМГҮЙ СОНГОЛТЫН ҮР ДҮН
 Санал болгож буй энэ тогтолцоогоор Монгол Улсын 330 гаруй сум, аймгууцын төв, нийслэл хот бусад хот суурин газраас нийтдээ 1500-2000 шилдэг хүнийг шигшин тодруулах боломж бүрдэнэ.
 Сум, хороо, аймгийн төвийн багаас өөрийг нь таньж мэддэг хүмүүсийн олон талын шалгуураар шигшигдэн гарсан боловч УИХ-д сонгогдолгүй үлдсэн нь төр засгийн ямар ч албан тушаалыг хаших чадвартай хүмүүс байж чадах билээ.
 Иймээс тэднийг “Монгол Улсын удирдах боловсон хүчний нөөц”-өөр бүртгэн авч, намын гишүүнчлэл харгалзахгүйгээр яам, агентлаг, аймаг, нийслэл дүүргийн бүх шатны удирдах албан тушаалд томилон ажиллуулна. Энэ нь өөрсдийнхөө дундахь шилдэг хүмүүсээ шударгаар тодруулан, улс эх орноо удирдуулахыг мөрөөддөг ард түмний хүслийн биелэл болно.
Монгол Улс хүн хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглаж, улс эх орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэх зорилгод хүний хүчин зүйлийн нөлөөг бүрэн ашиглах боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ тогтолцоо онцгой давуу талтай

 Нөгөө талаас өнөөгийн тогтолцоонд байдаг шиг манай намын хүнүү, хүний намынх уу, нам бус уу гэдгээс үл хамааран Монгол Улс хүн хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглаж, улс эх орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэх зорилгод хүний хүчин зүйлийн нөлөөг бүрэн ашиглах боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ тогтолцоо онцгой давуу талтай юм.
 Улс эх орноо хөгжүүлэх, ард түмнээ амгалан энх, төвшин жаргалгай амьдруулах үүрэг хүлээсэн нэгдмэл зорилго бүхий аль ч талаараа шигшмэл төрийн түшээд УИХ-д бие биенийхээ эсрэг сөрөг хүчин болж ажиллах огтын шаардлага гарахгүй.
 УИХ-ын гишүүд аливаа асуудлыг хэлэлцэхдээ санал хуваагдаж, үзэл бодлын зөрөөтэй бүлэг фракцууц үүсч болох боловч ийм бүлгүүдийн маргаан нь намаа хамгаалсан, намын эрх ашгийн төлөөх тэмцэл бус,тухайн асуудлын үнэнийг олж шийдэх гэсэн ажил хэрэгч мэтгэлцээн байх тул ямар ч тохиолдолд улс орон, ард түмэнд өгөөжтэй байна.
 Таньдаг хүмүүсийнхээ хүрээллээс олон талын шалгуураар шигшигдэн сонгогдсон хүмүүс аливаа асуудалд зөв байр сууринаас хандах төлөвшилтэй, хээл хахууль мэтийг өгсөн ч авахгүй байж чадах ёс зүйтэй, аливаа муу зүйлийн нөлөөнд автахгүй бат тогтсон байр суурьтай байх тул өнөөгийн албан тушаалтнуудтай холбогдон яригддаг олон муу үг, үйл мартагдана. Үүгээр төр цэвэршин түмэн олон төр засагтаа шүтэн сүсэлдэг болж Монгол Улс батжин бэхжинэ. Үүнд энэ тогтолцооны хэтийн ач холбогдол оршиж байгаа болно.
 Эрхэм уншигч авхай Таныг энэхүү бичвэрт өгүүлсэн санааг өөр өөрийнхөө сум, хороо, багтаа хэрэгжүүлж байна гэж нутгийнхаа таньдаг, шилдэг хүмүүсийн жишээн дээр ургуулан бодож, сэтгэлдээ өрсөлдүүлэн үзэж, санал бодлоо солилцохыг хүсъе.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34438
0 эможи
keyboard_arrow_up