Сонгуулиар цахим сайтууд зөвхөн холбоос байрлуулах эрхтэй
СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын талаар ерөнхий мэдээлэл өгөв. Цахим сайтуудын хувьд зөвхөн нэр дэвшигчийн болон нам эвслийн уриа, лого бүхий баннерыг холбоос болгож байршуулах аж. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулах өөрийн сайттай байх бөгөөд бусад сайтууд зөвхөн холбоос байрлуулах эрхтэй юм байна. Хэвлэмэл бүтээгдэхүүний хувьд нэг нэр дэвшигч А4-ийн 8 нүүрээс илүүгүй сонин, сэтгүүл бэлтгэн гаргах үүрэгтэй аж.
Нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглох юм. Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн сурталчилгаа явуулах өдөр 6 дугаар сарын 11-нд эхэлж, нийт 18 хоног үргэлжилнэ.