Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийг ЭНЭ САРЫН 17-нд танилцуулна
2016 оны 5 сарын 13
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав.
Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийслэлийн сонгуулийн хороог нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анхны хуралдаанаа хийж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хороо нийт таван удаа хуралдаж, нийслэлийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна.
Сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 924629 сонгогч бүртгэлтэй байна
Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу Иргэний бүртгэл мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг дүүрэг, хороо тус бүрээр гарган 2016 оны 3 сарын 1-нд цахим хуудаст байрлуулсан. Мөн сонгогч нэг бүрийг өөрийн мэдээлэлтэй танилцах зорилгоор УБСЕГ-ын www.burtgel.mn веб сайтад нэрийн жагсаалтыг байршуулав.
Өнөөдрийн байдлаар 2016 оны УИХ-ын болон НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 924629 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнд:
- Багануур дүүрэгт - 19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
- Бага хангай дүүрэгт - 2,798 буюу 0.3 хувь
- Баянгол дүүрэгт - 140,846 буюу 15.2 хувь
- Баянзүрх дүүрэгт - 220,130 буюу 23.8 хувь
- Налайх дүүрэгт - 23,976 буюу 2.5 хувь
- Сонгино хайрхан дүүрэг - 205,276 буюу 22.2 хувь
- Сүхбаатар дүүрэгт - 96.265 буюу 10.3 хувь
- Хан-Уул дүүрэгт - 105.874 буюу 11.5 хувь
- Чингэлтэй дүүрэгт - 111.022 буюу 12.0 хувь
Дээрх сонгогчдын саналыг нийслэлийн хэмжээнд нийт 396 санал авах байранд авах юм. Одоогоор нийслэлийн Сонгуулийн хороо, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах байрны бэлтгэл ажлыг хангуулж байна. Тухайлбал, санал авах байрны цахилгааны хангамж, аюулгүй байдал, мэдээлэл харилцаа холбооны найдвартай ажиллагаа зэргийг шалгаж дүгнэлт гаргаж байна.
Нийслэлийн сонгуулийн хороо болон дүүргийн сонгуулийн хорооны дэргэд санал хураалтын автоматжуулсан системийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах Мэдээллийн технологийн багууд байгуулагдан холбогдох сургалтад хамрагдан ажиллаж байна.
Нийслэлийн сонгуулийн хороо болон дүүргийн сонгуулийн хорооны дэргэд санал хураалтын автоматжуулсан системийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах Мэдээллийн технологийн багууд байгуулагдан холбогдох сургалтад хамрагдан ажиллаж байна.
Нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууслаа
Сонгуулийн тухай хуулийн 153.1 дэх заалтын дагуу НИТХ-ын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл 4 сарын 30-ны дотор хүсэлтээ ирүүлснээс хуулийн дагуу өчигдөр буюу 05 сарын 12-ны өдрийн 17 цагаас өмнө 11 нам, 2 эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүллээ. Үүнээс :
- Нийслэлийн Монгол ардын нам- 45
- Нийслэлийн Ардчилсан нам- 45
- Иргэний зориг ногоон нам - 18
- Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам - 3
- Нийслэлийн Бүгд найрамдах нам - 21
- Монголын социал демократ нам - 11
- Иргэний хөдөлгөөний нам - 44
- Хөгжлийн хөтөлбөр нам - 6
- Нийслэлийн Монгол ардын хувьсгалт нам - 45
- Хөдөлмөрийн үндэсний нам - 29
- Монгол консерватив нам - 10
- Эх орончдын нэгдсэн эвсэл - 5
- Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл - 32
Нийт 314 нэр дэвшигчийн материалыг ирүүлээд байгаа бөгөөд хуулийн хугацаанд буюу 2016 оны 5 сарын 17-ны дотор бүртгэх эсэх шийдвэрийг хуралдаанаараа гаргаж нийтэд мэдээлнэ.
НИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч 8 хүний материал хүлээн аваад байна
Одоогийн байдлаар НИТХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн 8 нэр дэвшигчийн материалыг хүлээн аваад байна. Бие даан нэр дэвшигчдийн материалыг 05 сарын 14-ны 17 цагаас өмнө хүлээн авах юм. Хуульд заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн ирүүлсэн сонгогч дэмжигчдийн цуглуулсан гарын үсгийг нягтлан шалгуулахаар Дүүргүүдийн сонгуулийн хороонд хүргүүллээ.
Санал авах байранд ажиллах 2347 төрийн албан хаагч гэрчилгээ олгох сургалтад хамрагдлаа
Нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн сонгуулийн хороо болон 396 хэсэгт ажиллах сонгуулийн хорооны гишүүд, ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчаар нийт 2772 төрийн албан хаагч энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцох ёстой. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх боловсон хүчнээ мэргэшүүлэх зорилгоор 05 сарын 9-ний өдрөөс эхлэн сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар төвийн 6 дүүргийн 2347 төрийн албан хаагчдыг сургалтад хамрууллаа. Харин Багахангай, Багануур, Налайх дүүргийн нийт 200 төрийн албан хаагчийн сургалтыг 05 сарын 20-21-ний өдрүүдэд тухайн дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Дүүргийн сонгуулийн хороодод эхний санхүүжилтийг олголоо гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33201
0 эможи