АН дэмжиж, МАН эсэргүүцэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандат хуваарилах асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн дунд багагүй маргаан дэгдэв. Байнгын хорооны хурлаар зарчмын зөрүүтэй санал хураасан юм. Тухайлбал Сүхбаатар аймгийн хоёр мандатыг нэг болгож, Увс аймагт нэмж, гурван мандаттай болгох санал гаргасан юм. Үүнийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн.
Мөн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэсэн нэг тойргийг Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт мандатыг нь тус тус шилжүүлэх санал гаргажээ. Ингэснээр Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг тус бүр 4 мандаттай болж байгаа юм. Энэ саналыг гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, Н.Батбаяр нарын гишүүд гаргажээ. Дээрх дүүргийн мандатыг бусдад нь шилжүүлснээр захын дүүргүүд хөгжинө гэж санал гаргачид үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанд суусан гишүүдийн олонхи нь энэ саналыг дэмжсэн юм.
Харин энэ асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, ойлголцох ёстой гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Сонгуулийн хуульд “УИХ-ын сонгуулийн тойргийг хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршлыг харгалзан сонгуулийн санал авах өдрөөс 45 хоногийн өмнө байгуулж, тойргийн нутаг дэвсгэр мандатын төвийг тогтооно” гэж заасан. 45 хоногийн хугацаа гэдэг нь энэ ням гаригаар дуусгавар болж байгаа. Ажлын өдрөөр тооцвол маргааш дуусгавар болж байна. Тиймээс завсарлага авахад хүндрэлтэй байна.
Мөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 4.6-д “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно” гэжээ. Тиймээс үүнтэй уялдуулан завсарлага өгөх бололцоо байхгүй байгааг анхаараарай. УИХ-ын тойрог байгуулах тухай тогтоолын төсөлд “Монгол Улсын их хурлын 76 тойрог байгуулсугай. Бусад дэмжигдсэн саналыг багтаасугай” гэснийг уншиж танилцуулах юм байна гэлээ.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдааныг орхин гарсан юм. Харин тус байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулах нь зүйтэй” гэсэн томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтаар байнгын хорооны хуралдаанд суусан 11 гишүүдийн 10 нь дэмжлээ.