Кабелийн телевизүүд сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах зөвшөөрөл
Тавь гаруй телевизийн төлөөлөл СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг хүргүүллээ. Учир нь удахгүй болох сонгуульд нэр бүхий 16 телевизээс бусад телевизүүдийг сонгуулийн талаархи мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахгүй байхаар журамласан нь иргэдийн үнэн бодит мэдээ, мэдээлэл авах эрхийг боогдуулсан шийдвэр болжээ. Үүнийг эсэргүүцэн албан тоот хүргүүлж, яаралтай хариу өгөхийг хүслээ.
"Медиа Порт" телевизүүдийн консорциумын тэргүүн Ч.Батцэнгэл тэргүүтэй телевизийн удирдлагууд дараахь тооцооллыг хийсэн байна. СЕХ-ноос гаргасан журманд сонгуулийн сурталчилгаа, мэдээ мэдээлэл явуулах эрхтэй 16 телевиз л нэр дурдагдсан байгаа нь бусдыг нь хориглож байгаа гэсэн үг. Сонгууль жижиг мажоритар 76 тойргоор явагдахаар тогтчихсон. Их хуралд л гэхэд хамгийн багаар бодоход 11 нам эвсэл, бие даагч нар нийлээд 1000 гаруй хүн өрсөлдөнө. Орон нутагт ч ялгаагүй энэ тооны хүн өрсөлдөнө гэж тооцохоор тэр 16 телевиз 18 хоногийн хугацаанд гишүүдийг танилцуулж чадахгүй.
Сонгуулийн тухай хуулинд нэг телевиз өдөрт 60 минутын нэвтрүүлэг гаргана. Үүний 15 минут нь нэг нам, эвслийн тухай буюу нэг хүний талаарх мэдээллийг хүргэнэ гээд заачихсан. Ингээд бодохоор яагаад ч амжихгүй. Энэ нь иргэдийн үнэн зөв сонголт хийх эрхтэй харшлаад байна” гэлээ. Тэдний үзэж байгаагаар энэ шаардлага нь хууль ёсны шаардлага бөгөөд хэрэв хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.