С.Бямбацогт: АН-аас тавьж буй хатуу шаардлагад буулт хийж болох юм
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараа нь бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын бүлэгт орсноор 30 гишүүнтэй болсон байна.
Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа нийт гурван асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Сонгуулийн тойрог байгуулах, тойрог мандатын дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох, Прокурорын байгууллагын тухай хууль, Татварын багц хуулиудын талаар хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрчээ.
Сонгуулийн тойрог байгуулах асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж Монгол улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуулинд заасан байдаг. Үүнээс үүдэн манай бүлэг жагсаалтын 28 мандатын 20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хувиарлах гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ бид буулт хийж болох юм. Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна. Тэгэхээр 16-18 мандат хөдөөд 10-12 мандат хотод хувиарлагдах ёстой гэж ярьж болох юм” гэлээ.