Намууд нэр дэвшигчээ энэ сарын 23-наас эхэлж 5 хоногт багтаан тодруулна
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Ингэснээр УИХ-ын сонгууль нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулагдах боллоо. Харин намууд нэр дэвшигчээ энэ сарын 23-наас эхэлж 5 хоногт багтаан тодруулах юм.
Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс /өчигдөр/ эхэлж ирэх долоо хоногийн нэг дэх өдөр гэхэд дуусах байсныг УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай уялдуулан баталсан хуулийн шинэ зохицуулалтаар энэ сарын 23-ны өдрөөс эхлэхээр хойшлуулж байгаа. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгож байгаа. Харин аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажил нэг дэх өдөр гэхэд дуусна” гэв.