Сүхбаатар дүүргийн сонгогчдын дунд судалгаа явуулжээ
"Бодлого Хөгжлийн Төв" ТББ нь 2016 оны дөрөвдүгээр сарын 14-22-нийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллаж, тус дүүргийн сонгогчдын үйл байдлын судалгаа авсан.
Ингэхдээ Сүхбаатар дүүргийн сонгуулийн эрх бүхий 1200 иргэнийг хамруулан тус дүүрэг дэх 2016 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан таамгийг дэвшүүлж буй. Иргэдийн хувьд өнгөрөгч 2012-2016 оны УИХ-ын үйл ажиллагаа, түүний бүтэц зэрэгт ихэд сэтгэл дундуур буйг онцлох нь зүйтэй.
Ардчилсан нам, энэ удаад тус дүүрэгт амжилтаа тогтоон барьж чадахгүй бололтой. Судалгаанд оролцсон иргэдийн 31 хувь нь Монгол Ардын намыг сонгожээ.
Тус дүүрэгт 2012 оны УИХ-ын сонгуульд 64.3 хувийн саналтайгаар ялалт байгуулсан Ардчилсан нам энэ удаад тус дүүрэгт амжилтаа тогтоон барьж чадахгүй бололтой. Учир нь судалгаанд оролцсон иргэдийн дөнгөж 18 хувийг аваад байгаа бол гол өрсөлдөгч болох Монгол Ардын нам 31 хувийн саналтайгаар тэргүүлсэн. Гэсэн хэдий ч зонхилох хоёр намын дүн хангалтгүй байгаа бөгөөд нэр хүнд, итгэл буурах учир шалтгааныг "Бодлого Хөгжлийн Төв" ТББ-ын зүгээс ингэж тайлбарлаж байна.
Эдгээр хоёр намын үйл ажиллагаанаас үзвэл АН бол чадварлаг сөрөг хүчин, харин эрх баригч намын ур чадвар, бодлого, төлөвшил зэрэг нь дутмаг байна. МАН-ын хувьд тийм ч чадварлаг эрх баригч биш ч гэлээ, сөрөг хүчин байх нь тус намын үйл ажиллагааг улам бүр доройтуулж байгаа мэт ажиглагдаж байна. Засгийн эрхэнд гарсан ч бай, гараагүй ч бай эдүгээ Монголын улс төрийн намуудад тэр дундаа тус хоёр нам бодлогын түвшинд байх үндсэн хэрэгцээ шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, алсын хараатай бодлого боловсруулж баримтлах хэрэгтэйг харуулж байна. Учир нь жижиг асуудал бүрт оролцох нь төлөвшсөн, бодлогын намын ажил биш юм. Чухам дотооддоо төдийгүй, гадаад орчинд бодлогын түвшний үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа нь эдгээр хоёр намын нэр хүнд, итгэл буурах болсон шалтгаан. Түүнчлэн бие даагч гишүүдийн эзлэх жин өндөр байгаа бөгөөд энэ нь намын мөрийн хөтөлбөр, бодлогоос илүүтэй хувь хүнийг харах байдлыг нэмэгдүүлсэн байна.