Холимог тогтолцоогоор сонгууль явуулах боломжгүй болов
Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1.1 дэх заалт буюу “хувь тэнцүүлсэн (пропорциональ)”, 120 дугаар зүйлийн гурав дахь дахь хэсэг “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн иргэн Д.Банзрагч, Ц.Намсрай нар Цэцэд хандсан билээ. Тэдний гомдлыг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцлээ. Улмаар Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1.1 дэх хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн УИХ-ын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн хоёр, гурав дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1.1 дэх “Хувь тэнцүүлсэн (пропорциональ)”, 120 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн заалтыг түдгэлзүүлэв. Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрийг гаргахаасаа өмнө иргэдийн гомдлыг дараахь байдлаар хэлэлцсэн юм.
Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1.1 дэх “Хувь тэнцүүлсэн (пропорциональ)”, 120 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн заалтыг түдгэлзүүлэв.
Ц.Намсрай: -Төрийн хямрал ганцхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бий болчихоогүй юм ш дээ. Ард иргэдийнхээ саналыг шууд авч чадахгүй байгаагаас болоод төрийн хямрал үүссэн. Намын жагсаалтаар сонгогдож байгаа нь наадамд барилдаагүй бөх хөлийн цэцийн асарт зүгээр сууж байгаад шөвгөрч байгаатай л адил зүйл болоод байна. Гэтэл нөгөө хэсэг нь иргэдтэй жинхэнэ тулж ажиллаад “барилдаж” давах, давахгүйгээсээ хамаарч хувь заяагаа шийдүүлж байна шүү дээ. Тиймээс зүгээр сууж байгаад л УИХ-ын гишүүн болдог байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Д.Сугар: -Цэцэд мэдээлэл гаргасан иргэдээс асууя. Бидний сайн мэдэх Герман, Унгар, Болгар, Македон, Польш, Румин, Франц зэрэг улс оронд иргэд саналаа шууд өгнө гээд манайх шиг Үндсэн хуульдаа заачихсан. Тэгсэн хэрнээ холимог системээр сонгууль явуулаад олон жил болж байна. Мөн Үндсэн хуульдаа шууд сонгох зарчмыг манайх шиг бэхжүүлчихсэн хэрнээ 100 хувь пропорциональ системээр сонгуулиа явуулдаг улс орон олон бий. Та бүхэн энэ улсуудын туршлагыг юу гэж боддог вэ. Цэцэд гомдол гаргахдаа энэ талаар судалж үзсэн байлгүй.
Д.Банзрагч: -Бид тэр бусад улс орны сонгуулийн тогтолцоог нарийн судлаагүй. Гэхдээ тийм байдаг гэдгийг дуулсан. Би бол Македон, Германд амьдраагүй, Монголд амьдарч байгаа. Тиймээс Сонгуулийн тухай хууль Монголын нөхцөлд л тохирсон байх ёстой.
Д.Сугар: -УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэг асуулт асууя. 1991 оны аравдугаар сарын 15-ны өдөр Бага хурлын хуралдаанаар Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд тодорхой зүйлүүдээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Р.Гончигдорж гишүүн хурал даргалаад дараахь томъёоллыг уншиж танилцуулсан байна. Юу гэхээр, “Заримыг нь намын авсан саналын үндсэн дээр, гуравны нэгийг нь шууд сонгож УИХ-ыг бүрдүүлэх” гэсэн томъёоллоор санал хураалт явуулж байлаа. Уг саналыг Бага хурлын гишүүн П.Улаанхүү гаргаж байсан байна. Гэвч уг саналыг Бага хурлын гишүүдийн олонхи нь хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог хүлээж авахаас татгалзсан байна. Бид аливаа шийдвэрийг гаргахдаа Үндсэн хуулийн үзэл санаанд тулгуурлах ёстой. Гэвч уг заалтыг УИХ 2011 онд сонгуулийн хуулиа батлахдаа сэргээж баталсан. Та Бага хурал, УИХ-ын аль алиных нь гишүүний хувьд энэ зөрчлийг юу гэж тайлбарлах вэ?
Д.Лүндээжанцан (УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч): -Бага хурлаар Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед энэ асуудлаар санал хураагдаад унасан нь үнэн. Дараа нь Ардын их хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд мөн л ялгаагүй 21 дүгээр зүйл анхаарал татсан. Тухайн үед нэр дэвшигчдийг “барьж үзэж, мэдэрч” байж сонгоно гэж үзээд намын нэрээр сонгогдохыг дэмжээгүй юм. Үндсэн хуулийг тайлбарлах асуудал яг одоо тулчихаад байна. УИХ Сонгуулийн тухай хууль баталж байна гэдэг бол Үндсэн хуулийг тайлбарлаж байгаа нэг хэлбэр. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж байгаагаараа бас тайлбарлаж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн ямар ч тайлбарыг хэрэгжүүлэх нь л чухал. Цэцийн энэ удаагийн хуралдааны шийдвэр ч нэг тайлбар нь болно. Би үүнийг хүлээн зөвшөөрнө.
Н.Жанцан: -Намайг харж байхад энд гурван янзын Лүндээжанцан сууж байна. Нэгдүгээрт, та бол УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Энэ Лүндээжанцангийн хувьд их дарамттай байгааг ойлгож байна. Зүгээр сууж байгаад жагсаалтаар УИХ-ын гишүүн болчих гэсэн 28 хүн таныг дарамталж байгаа. Хоёр дахь нь бол хууль зүйн шинжлэх ухааны доктор Лүндээжанцан. Гурав дахь Лүндээжанцан бол Бага хурлын гишүүн буюу тухайн үеийн Ардын их хурлын депутат. Одоо таны хэлж байгаа үг энэ гурван Лүдээжанцанг зөрчилдүүлэхгүй биз?
Д.Лүндээжанцан: -Намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалз гэж байгаа юм уу.
Н.Жанцан: -Үгүй ээ. Хоорондоо зөрчилдөж байна уу, яг одоогийнхоо байр суурийг илэрхийлж чадаж байна уу гэдгийг л асууж байгаа юм.
Д.Лүндээжанцан: -Би бол энд УИХ-ынхаа гаргасан шийдвэрийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж сууна.
П.Очирбат: -Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгох тухай заалт бий. Сонгуулийн тухай хуульд бас сонгоно гэдэг үгийг ашигласан байгаа. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүдийн гуравны хоёрыг сонгоод, гуравны нэгийг нь томилоод байгаа юм биш үү. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд томилно гэдэг үг ерөөсөө байхгүй. Гэтэл намын жагсаалтад орсон хүмүүсийг нам нь УИХ-д томилж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгааг нотлоод байгаа юм биш үү?
Д.Лүндээжанцан: -2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах үед улс нэг тойрог, хүнд саналаа өгч сонгоно гэсэн санал гарсан ч дэмжигдээгүй. Мөн Л.Болд нарын гишүүд холимог системийн бүсчилсэн хувилбарыг санал болгосон ч дэмжигдээгүй. Улмаар намууд зөвшилцөөд өнөөдрийн энэ тогтолцоог бий болгосон юм. Энэ хувилбараа улам боловсронгуй болгож ирсэн. Тухайлбал, сүүлд баталсан хуульдаа намууд 28 нэр дэвшигчийнхээ нэрийн жагсаалтыг СЕХ-нд өгнө, СЕХ хувилж хэвлээд сонгогч бүрт өгнө гэсэн заалт оруулсан. Өмнөх сонгуулиар бол аль намаас жагсаалтаар хэн хэн нэр дэвшиж байгааг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэддэг байсан. Энэ удаад бол саналаа өгөхдөө бүх намын жагсаалтыг барьж харж байгаад саналаа өгөх боломжтой болсон. Энэ бол нааштай алхам гэж үзэж байна.
Н.Жанцан: -Жагсаалтын эхний 10-т бичигдсэн хүмүүсээс зургаа нь таалагдаад дөрөв нь таалагдахгүй бол яах уу. Ялгаж бичиж болохгүй ш дээ. За яахав, дөрөв нь таалагдаагүй ч гэсэн саналаа өгье дөө гээд л дугуйлна.
Д.Лүндээжанцан: -Аливаа тогтолцоонд эерэг ба сөрөг тал бий.
Ц.Намсрай: -Иргэний өмнө тулж очоод сонгогдох эсэхээ шийдүүлэх ёстой. Гэтэл жагсаалтаар сонгогдож байгаа 28 хүн бол намынхаа байранд цай ууж сууж байгаад л сонгогдчих гээд байна.
Д.Лүндээжанцан: -Нам бол улс төрийн хувьд гол тоглогч нь. Гэтэл намыг хэт үгүйсгэж хүчгүйдүүлж байгаа нь буруу. Нам өөрөө хүчтэй, зөв, шударга, ил тод байж улс орон хөгжинө. Сайн намтай газар л хөгждөг. Гэтэл одоо хүмүүс сайн лидертэй, муугаар хэлбэл сайн дарангуйлагчтай газар сайн хөгждөг гэж ойлгоод байна. Намын төлөвшилд хувь тэнцүүлж жагсаалтаар сонгох хувилбар их хэрэгтэй. Гэтэл жагсаалтад хамаг бурууг чихээд байна. Жагсаалтад ямар ч үнээр хамаагүй орох гэж оролддог горилогч, түүнийг оруулж байгаа улс төрийн нам, түүнд нь санал өгөөд байгаа сонгогчид жагсаалтыг буруутгах шалтгаан болж байгаа юм. Гэхдээ “барьж, мэдэрч” сонгох шаардлагатай гэсэн нийгмийн сэтгэл зүй давамгайлж байгааг ойлгож байна. Ер нь цаашдаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж ямар ч салаа утгагүй заалттай болгох хэрэгтэй.
Д.Банзрагч: -Би Сонгуулийн хуулийн энэ зөрчлийг бүр эрт олж харсан юм. Өмнөх хууль батлагдсаны дараа буруу гэдгийг нь олж хараад өргөдөл боловсруулсан. Гэвч 2012 оны сонгуулиас өмнө хандаж амжаагүй. Сонгуулийн дараа Цэцэд хандах гэснээ больчихсон юм. Яагаад гэвэл, нэгэнт үр дүн нь гараад УИХ бүрдчихсэн байсан. Тиймээс хэрэв Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарвал төр тогтворгүй болох эрсдэлтэй гэж үзээд Цэцэд хандахаа больсон. Харин УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулиа баталмагц өргөдлөө дахин боловсруулж Цэцэд хандсан. Түүнээс хойш Цэцийн миний өргөдөл дээр ажиллах хугацаа хуулийн дагуу явсаар өнөөдрийг хүрлээ. Д.Лүндээжанцан гишүүн холимог тогтолцоогоо сайн хамгаалж байна. Гэхдээ би нэг зүйлийг энд онцлох гэсэн юм. Одоогоос бараг хоёр жилийн өмнө Ц.Нямдорж гишүүн та хоёрын Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй хийсэн уулзалтад би оролцсон юм.
Тэр уулзалтын үеэр би “МАН 45 суудалтай байхдаа Үндсэн хууль зөрчөөд холимог тогтолцоог сонгуулийн хуульд оруулчихсан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй” гээд саналаа хэлсэн. Тэгэхэд Д.Лүндээжанцан гишүүн “100 хувь мажоритар тогтолцоонд шилжүүлэхийн төлөө тэмцэнэ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр холимог тогтолцоогоо хамгаалаад байгаа чинь ямар учиртай юм бэ. Өөрийнхөө итгэл үнэмшлээр явж болсонгүй юү. Заавал УИХ-ын даалгаврыг биелүүлэх ёстой юм уу?
Н.Жанцан:-За Д.Лүндээжанцан гишүүн хариулаарай. Нөгөө Д.Лүндээжанцангийн чинь тухай асууж байна.
Д.Лүндээжанцан: -Би энд УИХ-ынхаа гаргасан шийдвэрийг хамгаалах албан үүрэгтэй ирсэн. Тухайн үед олон түмэн 100 хувь мажоритар байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Мөн манай намынхан бүх ард түмний санал асуулга явуулаад сонгуулийн тогтолцоогоо шийдэх санал гаргачихсан байсан үе. Хүмүүсийн аж амьдралын төвшин, хүн ам, засаг захиргааны нэгжийн онцлогийг бүрэн тусгаж эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх сонгуулийн системтэй болъё гэж олон зүйл ярьж зүтгэж байна. Гэвч бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч болоод байна.
Холимог тогтолцоог сонгох санал гарсан боловч “70 жилийн турш намаар удирдуулчихаад одоо дахиж намыг ингэж дээш нь өргөж болохгүй, иргэний нийгэм байгуулна гэсэн концевцтой чинь зөрчилдөж байна, нам төвтэй биш иргэн төвтэй төр байгуулах ёстой” гээд эсэргүүцсэн юм.
Д.Банзрагч: -Холимог тогтолцоо бол нэг төрлийн дэвшил, намыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж яриад байх юм. Үнэхээр л тийм хэрэгтэй юм бол Үндсэн хууль зөрчиж битгий хий л дээ, та нар. Үндсэн хуулиа өөрчилж байгаад тэр дэвшлээ хий. Энэ тогтолцоо чинь анх Үндсэн хуулиа батлах үед л дэмжигдээгүй юм шүү дээ. Холимог тогтолцоог сонгох санал гарсан боловч “70 жилийн турш намаар удирдуулчихаад одоо дахиж намыг ингэж дээш нь өргөж болохгүй, иргэний нийгэм байгуулна гэсэн концевцтой чинь зөрчилдөж байна, нам төвтэй биш иргэн төвтэй төр байгуулах ёстой” гээд эсэргүүцсэн юм.
Н.Жанцан: -УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцангаас нэг зүйлийг асууя. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ямар шийдвэр гаргахыг би урьдчилан хэлж мэдэхгүй. Хэрэв холимог тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарвал УИХ-д ямар сөрөг үр дагавар гарах вэ?
Д.Лүндээжанцан: -Төр тогтвортой байгаасай, сонгууль хугацаандаа будилаангүй, шударга болоосой л гэж хүсч байна.
Н.Жанцан: -Үүнд чинь Цэцийн шийдвэр ямар ч саад болохгүй ш дээ.
Д.Лүндээжанцан: -Төр тогтворгүй болчих вий гэдгээс л болгоомжилж байна.
Н.Жанцан: -Зарим хүн сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор хуульд өөрчлөлт оруулж болохгүй гээд байх юм. Энэ бол УИХ-ын эрх хэмжээний асуудал. Үндсэн хуулийн цэц бол шүүх. Тиймээс сонгууль болохоос зургаан сар битгий хэл, зургаан хоногийн өмнө ч өөрчилж болно. Шүүхийн шийдвэр, УИХ-ын шийдвэрээс ялгаатай. Тиймээс шүүхийн шийдвэрийг УИХ-ын шийдвэртэй хольж хутгаж болохгүй гэдэгтэй та санал нийлж байгаа биз дээ.
Д.Лүндээжанцан: -Шүүхийн шийдвэр тодорхой л байх ёстой.
Н.Жанцан: -Тодорхой болно.