Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 30-наас өмнө гаргах ёстой

2016 оны 4 сарын 06

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал болон сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцав.

-Сонгуулийн бэлтгэл ямар шатандаа явж байна вэ?
-Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн тухай хуульд заасан ажлуудыг хуулийн хугацаанд нь амжуулж зохион байгуулж байна. Тухайлбал, УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүлээд байна. Мөн сонгуулийн ажилтнуудын мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг нийслэл, дүүргүүдэд хийсэн, одоо орон нутагт зохион байгуулж байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 30 гаруй журмыг боловсруулаад байна. 

-Намууд хэзээ бүртгүүлэх хүсэлтээ өгөх вэ?
-Хуульд зааснаар нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө манай хороонд ирүүлэх ёстой. Энэ нь 4 дүгээр сарын 30-наас өмнө гэсэн үг. Тэгэхээр энэ сардаа нам, эвсэл хурлаа хийж, сонгуульд оролцох шийдвэрээ гаргана. Мөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, үндэсний аудитын газраар хянуулах ажлаа зохион байгуулна.

-Бие даагч мөн адил уу?
-Бие даан нэр дэвших хүмүүсийн хувьд санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө нэрээ дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж долоо хоногийн хугацаанд дуусгана. 5 сарын 5-наас 11-ний хооронд гэж ойлгож болно. Мөн хуульд зааснаар мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна.

-Намууд бүртгүүлэхдээ нь ямар материал бүрдүүлэх вэ?
-Сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан 10 төрлийн баримт бичгийн хамт СЕХ-нд ирүүлнэ. Эвслийн тухайд эдгээр 10 төрлийн баримтаас гадна эвслийн гэрээ, эвсэл байгуулах тухай шийдвэр, хуралдааны тэмдэглэлээ хавсаргах ёстой. 

-Ямар 10 төрлийн баримт байх ёстой вэ?
-Сонгуульд оролцох тухай шийдвэр, тухайн намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт, сонгуулийн зардлын дансны мэдээлэл, сүүлийн нэг жилийн хандивын тайлан, сонгуулийн штабын мэдээлэл, нэр дэвшүүлэх журам зэрэг хуульд заасан баримт бичиг бүрдүүлж ирүүлэх ёстой.

-Мөрийн хөтөлбөр боловсруулахад юуг анхаарах вэ?
-Анхаарах хэдэн зүйл бий. Мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, уул уурхай болон бусад салбарын орлогоос болон улсын төсвөөс иргэдэд хувь хишиг хүртээх, үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах зэрэг асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг хориглосон. Нам, эвсэл, бие даагчид нь мөрийн хөтөлбөртөө Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлсэн байна. Нийцэж байна уу үгүй юу гэдгийг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна.

-Нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ гаргахад юуг анхаарах вэ?
-Одооноос анхаарах хоёр зүйл бий. Нэгдүгээрт, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайлангаа төрийн аудитын байгууллагад өгч хянан баталгаажуулах ажлыг яаралтай хийх шаардлагатай. Хоёрдугаарт, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад өгч дүгнэлт гаргуулахад анхаарах хэрэгтэй. Энэ хоёр асуудлаар үндэсний аудитын газарт нэн даруй хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. 

-Нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг танай хороо ямар хугацаанд шийдвэрлэх вэ?
-Сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч нягтлан шалгаад 5 хоногт багтаан Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар хэлэлцэж бүртгэх, эсэх тухай шийдвэр гаргана. 

-Ямар тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзах вэ?
-Сонгуулийн тухай хуульд бүртгэхээс татгалзах зургаан үндэслэл бий. Тухайлбал, бичиг баримт дутуу, эсхүл хуурамч, хуульд заасан хугацааг хожимдуулсан, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлагад нийцээгүй, эвсэл байгуулахдаа хууль зөрчсөн гэх мэт. Хуулийн шаардлагын дагуу баримт, материалаа ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргаж Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламж олгоно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31177
0 эможи
keyboard_arrow_up