Сонгуулийн тойрог, мандатын тоо тойрсон асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ
УИХ-ын намрын чуулганаар сонгуулийн тойрог, мандатын тоо зэргийг хэлэлцэж баталсан. Үүгээр бол улсыг бүхэлд нь 26 тойрогт хувааж, хөдөөд 34, хотод 14 мандат хуваарилах 2012 оны жишгийг хэвээр нь үлдсэн юм.
Эрх баригч АН-аас сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчилж хөдөөд гишүүдийн тоог хасч, хотод нэмэгдүүлэх саналыг гаргасан ч сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч явсаар УИХ-аар хэлэлцэгдэх үеэр олонхийн дэмжлэгийг хүлээж чадаагүй батлагдсан.
Харин АН, МАН-ынхан нэг л зүйл дээр санал нэгдэж чадсан нь саналын хуудасны 50 хүртэлх хувьд санамсаргүй сонголтын аргаар хяналтын тооллого хийхээр болсон нь юм. Өөрөөр хэлбэл саналын хуудсыг “хар машин”-аар тоолсоны дараагаар 50 хувьд нь гар аргаар дахин тоолохоор болсон гэсэн үг.
Тэгвэл АН-ынхан тойрог, мандатын тооны асуудлыг дахин хөндөхөөр болжээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг оруулаагүй байгаа. Тэгэхээр уг хуульд өөрчлөлт оруулах боломж өнөөдөр ч бий гэсэн үг юм. Тиймээс ч намрын чуулганаар баталсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дахин өөрчлөлт оруулахаар болсон байна.
Нэг сарын өмнө УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, С.Одонтуяа нар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж Засгийн газраас санал авахаар хүргүүлж байсан. Харин Засгийн газраас Ш.Түвдэндорж гишүүний боловсруулсан Сонгуулийн хууль болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд "Тусгайлсан саналгүй” гэсэн хариу өгсөн бол С.Одонтуяа гишүүнийхийг буцаасан юм. "Тусгайлсан саналгүй” гэдэг нь үг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тэгвэл Ш.Түвдэндорж гишүүн Засгийн газраас дэмжлэг хүлээсэн тогтоолын төслөө энэ долоо хоногтоо багтаан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа аж.
Өнөөдөр нээлтээ хийх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд "Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэжээ. Эндээс харахад Ш.Түвдэндорж гишүүн өнөөдөр эвсэл маргааш хуучийн төслөө УИХ-д өргөн барьж мэдэхээр байна. Ш.Түвдэндорж гишүүний санаачилсан хуулийн төсөлд намын нэрсийн жагсаалтын 28 мандатаас зургааг нь нийслэлийн зургаан тойрогт тус бүр нэг, нэг мандатаар нэмж оруулах тухай заалт бий. Хөдөөд хуваарилсан 34 мандатыг өөрчлөлгүйгээр намын жагсаалтад бичигдэх нэрсийг зургаагаар цөөлөх арга Ш.Түвдэндорж гишүүний хуульд шингэсэн гэж улс төрчид ярьж байгаа юм. Эдгээр мандатыг тойргууд руу шингээвэл Сонгуулийн хуульд гарцаагүй өөрчлөлт оруулна. Тэгсэн тохиолдолд ирэх сонгуульд намын жагсаалтаар 28 бус 22, тойргоос 48 бус 54 гишүүн сонгогдох хувилбар бий болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тойргийн мандатын 20 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нуггаас сонгогдох юм.