Сонгууль 2016: Сонин, содон горилогчтой СХД

2016 оны 3 сарын 29

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг гэгддэг Сонгинохайрхан дүүрэгт ирэх сонгуулиар аль намаас хэн, хэн нэр дэвших олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тэгвэл уг дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар гишүүн дахин өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийн эхэлсэн гэж хэлж болно. Харин өнгөрсөн дөрвөн жилд дүүрэгтээ хэрхэн, яаж ажилласан нь  ирэх зургадугаар сард тодорхой болно. Мөн МАН-аас “Бишрэлт”-ийн Б.Ундармаа тус дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргээр ойр, ойрхон эргэлдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үгийг сонсож, хүүхэдтэй ээжүүдийг бөөцийлж, шинэ жилийн материаллаг мэндчилгээ тараагаад ер нь л эртнээс бууриа бэлдэж буй.  Тиймээс тус дүүрэгт нэр дэвших нь тодорхой байгаа юм. Д.Сумьяабазар өөрийн гарын хүн СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар гэдэг хүнийг дагуулаад орчих санаатай гэх. Мөн тус намаас Гацууртын Л.Чинбат, “Өгөөж” ХК-ийн захирал С.Түмэнгэрэл гэх мэт олны танил бизнесмэнүүд өөрсдийгөө сойх мэдээлэл байна. Түүнчлэн СХД-ийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй гэх мэт нөхдүүд горилж байгаа аж.

Харин АН-ын хувьд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намын жагсаалтад эрэмбэлэгдэх учир түүний оронд залуу гишүүд тус дүүрэгт очиж хүч үзэхээр болжээ. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай аль эртнээс Сонгиныг онилсон байна. Оны өмнө тус дүүрэгт нүүрс тарааж хэл, амны бай болсон түүнд тус дүүргийн иргэд ихээхэн ам сайтай байгаа гэнэ. Аргагүй биз. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа аль муу, муухайтай тэмцэж байна хэмээн олон нийтэд танигдсан тэрбээр ард түмэнд бол баатар л гэсэн үг. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээж эндээ өрсөлдөнө. Үүнийгээ ч ил, далдаар мэдэгдсэн. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр тус дүүрэгт нэр дэвшиж магадгүй ч намын жагсаалтад орж мэдэх гэнэ. Өөр нэг шинэ хүн энд өрсөлдөх гэж байгаа нь Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатар аж. СХД-ийн АН-ын дарга тэрбээр “Хөх чоно” хэмээх бизнесийн томоохон компанитай гэгддэг. СХД-ийн АН-ыхан түүнд ихээхэн итгэл хүлээлгэж дэмжиж буй аж. Мөн ИЗНН-аас С.Оюун хуучин тойрогтоо ирж магадгүй гэх мэдээлэл ч байгаа юм. Тэрбээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатарыг дагуулаад очиж магадгүй гэнэ. 2012 оны сонгуульд намынхаа нэрээр эхний хоёрт бичигдсэн С.Оюун, С.Дэмбэрэл нар УИХ-ын гишүүн болж байсан бол саяхан өөрчлөгдсөн хуулиар намуудын нэрээр авсан хувь суудал нь ядаж нэг тойрогт ялалт байгуулснаар баталгаажих болсон. Тэгэхээр С.Оюун гишүүн хуучин СХД-тээ эсвэл өмнө гарч байсан Дорнод руугаа явж мэднэ.

 

Харин МАХН-аас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нэр дэвших албан бус мэдээлэл байна. Тэрбээр 2004 оноос хойш уг дүүргээс гурвантаа сонгогдож УИХ-д суусан билээ. Бас нэгэн сонирхолтой хүн байгаа нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан байгаа юм. Тэрбээр тус дүүрэгт горилж буй сурагтай байна.

 

Сонирхолтой нь шил, шилээ даран УИХ-д нэр дэвшихээ мэдэгдсэн дуучин М.Нарантуяа буюу Нара, Бэки, “Ноён бондгор” нарын аль нь тус дүүргийг сонгоогүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30785
0 эможи
keyboard_arrow_up