Хууль зөрчсөн алхам хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй

2016 оны 2 сарын 26

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай уулзаж сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар тодруулга авав.

-Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлууд гарч байна уу?
-Монгол Улсын Сонгуулийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаатай холбоотой бүтэн бүлэг байгаа. Есдүгээр бүлгийн 14 зүйл, 200 гаруй хэсэгт сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг маш тодорхой заасан байгаа билээ.

-Сонгуулийн сурталчилгаанд хэзээнээс юуг явуулж болох, юуг болохгүй талаар тодруулахгүй юу?
-Хуулийн 70 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар нэг бүрчлэн нэр зааж тодорхойлж өгсөн байгаа. Үндсэндээ ээлжит сонгуулийн жил эхэлснээс буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хуульд заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Тодруулж хэлэхэд, сонгуулийн жил эхэлснээс хойш хориглох зүйл, сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хийж болохгүй үйлдэл, үйл ажиллагааг зааг ялгаатайгаар тогтоож өгсөн. Иймд аливаа этгээд үйл ажиллагаа эхлэхийн өмнө хуулийн 70 дугаар зүйлтэй сайн танилцах ёстой.    

-Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ?
-Хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг баримттайгаар шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Мөн 116, 117, 118 дугаар зүйлд зааснаар, цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийг шалгаж, шүүгч шийтгэвэр, захирамж гарган шийдвэрлэнэ. Урьд мөрдөгдөж байсан хуульд сонгуулийн байгууллага аливаа зөрчлийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байсан бол одоо иргэд шууд баримт нотолгоотойгоор  шүүх, цагдаагийн байгууллагад хандах болсноороо онцлогтой.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийг баримтлах тал дээр юу анхаарах вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгууль, сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг хийхдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах ёстой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаар хийх сурталчилгааны төрөл хэлбэрийг хуульд тодорхой заасан байгаа. Нэмж хэлэхэд, сурталчилгаа хийх радио, телевиз санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ Сонгуулийн холбогдох байгууллагад заавал ирүүлэх ёстой.

-Ойрын өдрүүдэд зарим сонин, сайтаар намууд, улс төрчдийн рейтингийн судалгаа гарч байна. Энэ хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-“Зууны мэдээ” сонин, зарим  цахим хуудсанд “Максима” гэдэг судалгааны байгууллагын гэсэн нэртэй чансаа тогтоосон нийтлэл гарсан байна лээ. Сонгуулийн тухай хуульд иймэрхүү чансаа тогтоосон зүйлийг сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хийхийг хориглосон байгаа. Ийм зөрчилд ногдуулах хариуцлагыг ч зааж өгсөн.

Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг цагдаа, шүүхийн байгууллага тогтоох бөгөөд зөрчсөн тохиолдолд тухайлбал, хэвлэл, мэдээллийн байгууллага үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө зургаан хүртэл сараар түдгэлзүүлэхээр байгаа. Дахин хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нэг бүрчлэн танилцаж, хууль зөрчсөн алхам хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29316
0 эможи
keyboard_arrow_up