564 сонгуулийн тойрог байгуулагдлаа

2016 оны 2 сарын 05

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай сонгуулийн цаг үеийн асуудлаар ярилцав.

-Энэ жил явагдах орон нутгийн Хурлын сонгуулиар ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох талаар товч танилцуулна уу?

-Сонгуулийн тухай  хуулинд зааснаар 2016 оны 6 дугаар сард УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль, 10 дугаар сард сум, дүүргийн ИТХ-ын сонгууль тус тус явагдах юм. Сонгуулийн тухай хуулийн 22.8-д заасны дагуу аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр сарын 31-нээс өмнө холбогдох шийдвэр гарах ёстой байсан учраас аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаад тойргоо байгууллаа.

-Аймаг, нийслэлд орон нутгийн сонгуулийн тойрог байгуулагдчихсан гэсэн үг үү?

-Аймгуудын болон нийслэлийн ИТХ-аас сонгуулийн тойрог байгуулсан тухай шийдвэр, мэдээгээ ирүүлсэн, уг мэдээгээр бүх аймаг болон нийслэл 2016 оны орон нутгийн сонгуулийн тойргоо хуулийн хугацаанд нь байгуулсан байна.

-Тойргийг ямар зарчмаар байгуулсан бэ?

-Сонгуулийн тухай хуульд зааснаар аймгийн төвийн сумаас бусад бүх сум тус бүр болон аймгийн төвийн сумын баг тус бүр сонгуулийн тойрог болох ёстой. Харин нийслэлд бол нийслэлийн хороод тус бүр нэг тойрог болох бөгөөд хоёр буюу хэд хэдэн хороог нэгтгэн нэг тойрог болгон зохион байгуулж болно гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу л байгуулсан.

-Улсын хэмжээнд аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хэдэн тойрог байгуулагдсан бэ?

-Нийслэлд 45 тойрог, аймгуудад 519 тойрог, нийтдээ 564 тойрог байгуулагдаад байна. Энэхүү 564 тойрогт аймгийн 331 сум, аймгийн төвийн 210 баг, нийслэлийн 152 хороо хамрагдаж байгаа.

-Улсын хэмжээнд байгуулагдсан 564 тойрогт нийт хэдэн мандаттай болсон бэ? Өмнөх сонгуулийнхаас нэмэгдсэн үү?

-Дээр хэлсэнчлэн, 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын сонгуультай хамт явагдах Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн нийт 564 тойрог байгуулагдсан. Харин мандатын тоог тогтоох тухайд гэвэл Сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тухайн Хурлын Тэргүүлэгчид тогтоохоор заасан байгаа.

Мандатын тоог тогтооход Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтлах юм. Энэ хуульд зааснаар тогтооход аймаг, нийслэлд нийтдээ 800 гаруй мандаттай байх болно.

Мандатаа тойргууддаа хэрхэн хуваарилахыг тухайн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. Одоогоор нийслэл болон Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгууд мандатын тоогоо тогтоогоод, энэ тухай шийдвэрээ манай Хороонд ирүүлээд байна. Хүн амын тоо өссөнтэй холбоотойгоор зарим аймгийн төвийн баг нэмэгдэж, үүнтэй уялдан мандатын тоо нэмэгдэж байгаа юм.

-Мандат тогтоох хугацааг тодруулахгүй юу?

-Ер нь Сонгуулийн тухай хуулийн 153.1-д зааснаар намууд сонгуульд оролцох хүсэлтээ сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлэх ёстой.

 Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид мандатын тоог намууд сонгуульд оролцох тухай хүсэлтээ аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлэхээс өмнө тогтоосон байх ёстой нь хуулиас харагдаж байгаа. Мэдээж намууд сонгуулийн тойрог, мандатын тоогоо мэдэж байж сонгуульд оролцох хүсэлтээ гаргах нь ойлгомжтой. Тийм болохоор Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид үүнийг бодолцож мандатын тоо тогтоох хугацаандаа анхаарах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28688
0 эможи
keyboard_arrow_up