Шинэ хуулиар 63 мянган хүнд нэг мандат байна
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй сонгуулийн цаг үеийн асуудлаар ярилцав.
-Сонгуультай холбоотой хугацаа тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Хугацаа тулгамдсан хоёр асуудал байна. Нэгдүгээрт нь, ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, хоёрдугаарт нь УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоох асуудал байна. Сонгуулийн хуульд заасан 150 хоногийн хугацаа нь энэ сарын 31-нээр дуусна. УИХ, Байнгын хороо энэ Пүрэв, Баасан гаригт хуралдаад тогтоолоо гаргавал амжина.
-Эхний асуудлын хувьд санал авах өдрийг яагаад ийм эрт тогтоож байгаа юм бэ?
-Энэ заалт өмнөх хуулиудад байгаагүй, шинэ хуульд орж ирсэн. Өмнө нь сонгуулийг товлон зарлах үедээ санал авах өдрөө тогтоодог байсан. Одоо Сонгуулийн тухай хуулиар 150 хоногийн өмнө буюу таван сарын өмнө тогтоохоор хуульчилсан. Нам, эвсэл, нэр дэвшигчид ажлаа төлөвлөх бэлтгэлээ хангахад хэрэгтэй болов уу.
-Санал авах өдрөө тогтоож амжих болов уу?
-Улсын Их Хурал хуульд заасан хугацаандаа тойргоо байгуулж, санал авах өдрөө тогтооно гэж найдаж байна.
-Хоёр дахь асуудлын хувьд маргаан дагуулаад байна. Мандатын тоог юуг үндэслэж тогтоосон бэ?
-Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд УИХ-д саналаа хүргүүлэх үүрэгтэй тул саналаа хүргүүлсэн. Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоох гурван үндэслэл байгаа. Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог харгалзахаар заасан. Сонгуулийн тухай хуульд 48 гишүүнийг 26 тойргоос сонгоно гэж заасныг харгалзсан. Хоёрдугаарт, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзахаар заасан. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас нэгдүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд 2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог ирүүлсэн. 3 сая 61 мянга 599 болсон байна. Энэ тоог харгалзан мандатын тоог тогтоох саналаа УИХ-д хүргүүлсэн. Гуравдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт ороогүй тул хэвээр нь авч үзсэн.
-Хүн амын тооны тухайд нэмэгдсэн нь ойлгомжтой. 3 сая хүнтэй болсон. Хүн амын тоо хаана илүү нэмэгдсэн байна вэ? Тэнд мандат нэмэх үү?
-Хуулийн дагуу хүн амын тоог харгалзан тооцоход өссөн дээр нь нэмэгдэх, багассанаас нь хасагдах тооцоо гарч байгаа. Хүн амын тооны өсөлт хотод аймгуудын дунджаас хоёр илүү дахин их байгаа. Мандатын тоог өмнөх сонгуулиудаар нэг л аргачлалаар тогтоож ирсэн. Их энгийн л дээ. Нийт хүн амын тоогоо нийт мандатын тоондоо хуваахаар нэг мандатад ногдох хүн амын тоо гарна. 3 сая 61 мянган хүнээ 48 мандатад хуваахаар 63 мянга гэсэн тоо гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, 63 мянган хүн тутамд нэг мандат ногдоно гэсэн үг. Энэ тоогоо аймаг, дүүргийн хүн амын тоотой харьцуулаад тухайн аймаг, дүүргийн мандатын тоо гарна. Сонгуулийн Ерөнхий Хороо өмнөх сонгуулиудаар мандатын тоог тогтоохдоо энэ л аргачлалаар тооцож ирсэн. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тооцоход улсын дундаж 63 мянган хүн ам тутамд нэг мандат, нийслэлийн болон аймгуудын дундаж адил 63 мянга байгаа.
-За энэ тооцоо ойлгомжтой. Урьд нь яагаад мандат хуваарилах дээр маргаан гарч байгаагүй юм бэ?
-Хүчингүй болсон УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ маргаан гарахгүй байх үндэслэл бүхий нэг заалт байсныг шинэ хууль батлахдаа хасчихсан юм. Тэр нь тойрог байгуулах хүн амын тооны улсын дунджийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно гэсэн заалт байсан. Аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно гэсэн энэ заалт байхад маргаан гардаггүй байлаа. Тухайн үед аймагт 40 гаруй, нийслэлд 80 гаруй мянган хүн тутамд нэг мандат хуваарилагдаж байсан. Одоогийн хуулиар тооцоход хүн амын дундаж нь улс, аймаг, нийслэлд адил болоод байгаа юм.
-Тойрог байгуулах, мандатын тоог тогтоох хуучин тогтоол байгаа, энэ тогтоолоороо явж болох уу?
-Болохгүй. Яагаад гэвэл 2011 онд гарсан УИХ-ын тойрог байгуулах, мандатын тоо тогтоох тогтоол нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн гарсан. Энэ заалт нь хуультайгаа хамт хүчингүй болсон. Иймд Сонгуулийн тухай хуульдаа нийцүүлээд тогтоол гаргах ёстой.
-Хүчингүй болсон энэ заалтаа сэргээж болохгүй юу?
-Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тэгээд ч хуульд өөрчлөлт оруулах нь цаг хугацааны хувьд боломжгүй. Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах ёстой байгууллага. Хуульд заасны дагуу л саналаа хүргүүлсэн.