Сонгуулийн хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний санаачилсан Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Түүнчлэн хуулийг бүхэлд нь батлах эсэх санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 52 нь дэмжсэн юм.