Сонгуулийн хуулийг батална

2015 оны 12 сарын 18

УИХ ирэх долоо хоногт завгүй байх нь. УИХ-ын даргын тодотгосноор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж батлах юм байна.

 

Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Баасан гаригийн чуулганы хуралдаан дууссаны дараа Б.Гарамгайбаатар даргын өрөөнд цуглаж Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр болжээ.

Шинэ он гарахаас урьтаж УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж, өнгөрсөн хоёр долоо хоногоос эхлэн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар тус бүр завсарлага авсан. Мөн 20 гаруй улс төрийн намыг оролцуулсан жагсаал зохион байгуулж, Төрийн ордны баруун талд гэр барин суулт зарласан.

Үүний зэрэгцээ УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүлж, энэ сарын 18-нд тодорхой хариу өгөхийг шаардсан. Тэгвэл энэ асуудал нэг тийш болж, ирэх долоо хоногоос УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэн, батлахаар болоод байна.

УИХ-д УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд тус бүр өргөн баригдсан. Уг хуулийг чуулганаар хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос том ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахалж ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нэг удаа хуралдсан. Хуралдах нөхцөл үүсэхгүй байгаа шалтгаанаа ажлын хэсгийн ахлагч А.Бакей нам, эвслийн бүлгүүд Сонгуулийн хуулиар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Саналыг гараар давхар тоолохоос эхлээд зарчмын зөрүүтэй олон санал бий. Эдгээр асуудлаар бүлгүүд нэгдсэн ойлголцолд хүрээгүй цагт ажлын хэсгийн хуралдааныг хэчнээн зарлаад нэмэргүй гэж байр сууриа илэрхийлж байв.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “Ажлын хэсэг хуралдах болоход ахалж байгаа гишүүн нь нэг бол хөдөө томилолтоор, эс бол гадаадад томилолтоор ажиллаж цаг уясаар ирсэн. Ойлголцож ажиллахыг Ардчилсан нам хүсэхгүй байгаа. Цаг уяж аль болох хуулийг өөрчлөхгүй гэсэн бодлого барьсан” гэсэн зөрүүтэй тайлбар ч хийж ирсэн юм.

Гэхдээ тал талаасаа ярилцсаны эцэст ирэх долоо хоногт Сонгуулийн хуулиа өөрчлөн батлах шийдэлд хүрсэн нь УИХ-ын даргын хэлсэн үгнээс тодорч буй. Гол нь ямар өөрчлөлт орох вэ гэдэг анхаарал татах асуудал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27054
0 эможи
keyboard_arrow_up