Сонгуулийн хуулийн талаар ХЭН, ЮУ хэлэв
Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах хуулийн хугацаа дуусахад 20 гаруй хоног үлдээд байна.
Учир нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх боломжтой, түүнээс цааш өөрчлөхийг Үндсэн хуулиар хориглодог билээ. Тэгвэл Энх-Арслан ХХК-аас гаргадаг өдөр тутмын мониторингоос /2015.11.01-2015.12.04 хүртэлх/ Сонгуулийн хуулийн талаар ХЭН, ЮУ хэлсэн талаар гуравдагч байр суурьнаас тоймлон хүргэж байна.
Одоогийн байдлаар 2016 оны УИХ-ын сонгуулийг ямар хувилбараар явуулахаа эцэслэн тохироогүй ч ажлын хэсэг одоогийн тогтолцоог хадгалахаар төсөл боловсруулжээ. Энэ удаагийн хуульд нэг намаас нэг тойрогт хоёр, гурван өрсөлдөгч өрсөлдөхгүй байх агуулгаар сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт улстөрийн намууд, улстөрчид нийтээрээ санал нэгджээ. Үүнээс гадна Сонгуулийн хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү нарын ахалж боловсруулсан хуулийн төсөлд тусгасан дөрвөн асуудлаар зөвшилцөх шаардлагатай байгаа юм.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛНЭ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад” гэсэн заалтыг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөлт оруулах,нэг зүйл заалттай хуулийг 97.6 хувийн саналаар баталаад байна. Ингэснээр Төрийн үйлчилгээний албан хаагчдыг /эмч, багш г.м/ сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа аж.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ 14 ХОНОГТ ХИЙНЭ
Харин Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн онцлог нь Ерөнхийлөгч, УИХ, аймаг, нийслэлийн Хурал, сум, дүүргийн Хурлын сонгуулийг нэгтгэн, нэгэн цогц болгон шинээр боловсруулсах тухай хууль юм. Мөн уг хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааг 14 хоногийн өмнөөс эхэлнэ гэж заасан бөгөөд сурталчилгаанд сонин ашиглахгүй байхаар тусгажээ. Үүнд "залуу" намууд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд зарим гишүүд дараах байр суурьтай байна.
Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил: Манай намын зүгээс сурталчилгааны хугацаа 14 хоног байхыг эсэргүүцэж байгаа. Учир нь улс төрийн албан тушаалтнууд буюу одоогийн эрх барьж байгаа улс төрчид, албан тушаалтнуудад боломж олгосон харин шинээр улс төрийн гуравдагч хүчинд хаагдмал болж байгаа. Сурталчилгааны хугацаа багассанаар бидэнд өөрсдийгөө таниулах боломж бага болно.
/Эх сурвалж: http://vip76.mn/content/36975 /
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Р.Бурмаа гишүүний ахалж байгаа Сонгуулийн хуулийн төсөлд нэг зүйл санаатай санаагүй орхигдсон байна. Сонин бол айлаас айл руу, сумаас сум руу, багаас баг руу очдог, хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэг. Хуулийн төслийн 83, 84-т радио телевиз, интернэт оролцох нь ээ. 71.1-ийн 5-д “Энэ хуульд зааснаас бусдаар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн байна.
/Эх сурвалж: http://www.times.mn/p/6153/
ГАР АРГААР ТООЛЛОГО ЯВУУЛНА
УИХ-ын Су.Батболд нарын 6 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн 48 тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан байгуулахаар тусгасан байна. Мөн санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгслэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тус тус оруулжээ. Энэхүү хуулийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ,
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Гараар тоолоход цаг хугацааны асуудал үүсэхгүй, зардал ч шаардахгүй. Тойрог, хэсгийн хороод дээр байгаа хүмүүс л тоолно. Үнэндээ хоёр цаг л зарцуулна шүү дээ. Аймаг, сумын хэсгийн хороо тус бүрт 500-700 сонгогч л ногдоно. Тэднээс 60-70 хувь нь саналаа өгөхөд 400-505 сонгогчийн санал болно, тоолоход амархан. Машинаар тоолно гэдэг эдийн засгийн хямралтай үед өндөр зардалтай. Бүх саналын хуудсыг Канадаас хэвлүүлж авчирна. Асуудалтай шүү дээ.
/ Эх сурвалж: http://www.nam.mn/a/f5 /
хэмээн үзэж байсан ч гишүүд гараар сонгуулийн саналыг тоолоход хугацаа их орно, мөн энэ хооронд будлиан орох магадлалтай гэж үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Цог нарын санал дэмжигдээгүй юм. Тэгвэл гараар санал тоолохыг дэмжээгүй гишүүд "ХЭН, ЮУ" хэлэв.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж: Сонгуулийн саналыг гараар тоолоход булхай их гардаг байсан. Зарим санал тоололт булхайд өртдөг байсныг санаж байна. /Эх сурвалж: http://mobile.news.mn/mcontent/229132.shtml?s=politics/
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Сонгуулийн саналыг гар аргаар бүгдийг тоолж баталгаажуулна гэсэн байна лээ. Энэ бол төвөгтэй асуудал л даа. Одоогийн УИХ-ын гишүүд бүгд санал тоолох төхөөрөмжөөр иргэдийн саналыг тоолуулж сонгогдсон. Энэхүү дэвшилтэт технологийн тусламжтайгаар сонгуулийн эцсийн дүн тэр дороо гарна. Гэтэл гараар тоолж, бүтэн хоёр, гурван хоногоор удаашруулах гээд байна. /http://vip76.mn/content/36428/
ЖАГСААЛТЫГ ЧУХАЛЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүний энэ сарын 13-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог 38:38 харьцаатай байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл УИХ-д нэр дэвшигч 38 хүнийг 26 тойргоос, үлдэх 38 мандатыг нам, эвслээс нэр дэвшигчдийн авсан саналын тоог үндэслэн нам, эвслээс гаргасан жагсаалтад эрэмбэлж хуульчлах аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Одоогийн хуулиар бол эхний нэг, хоёрт жагсаж буй хүн 100 хувиар гишүүн болдог. Харин 28 дахь хүн гишүүн болж амждаггүй. Үүнийг л болиулах юм. Нам тус бүр 38 хүний нэрээ гаргаад сонголт хийлгэнэ. Нэгдүгээрт манай намын, аравдугаарт Ардын намын, 38 дугаарт Ардчилсан намын хүн ч орж болно шүү дээ. Хүнээр дамжуулж намынхаа суудлын тоог гаргана гэсэн үг.
/Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/461048.htm/
Энэхүү жагсаалтыг чухалчилсан хуулийн төслийн талаар бусад гишүүд одоогийн байдлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа ч, цөөн хүн амтай аймгийг шууд нэг тойрог болгох нь олон хүн амтай аймаг, нийслэлтэй харьцуулахад ихээхэн ялгаатай учраас уг хуулийн төсөл дэмжигдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Дээрх мониторингоос харахад сонгуулийн эдгээр дөрвөн өөр хуулийг холбогдох журмын дагуу дөрвүүлэнг нь хэлэлцээд, нэгтгэн батлах боломжтой байгаа юм. Ажлын хэсэг өргөн баригдсан дээрх сонгуулийн хуулиа нэгтгэж, хэрэгтэй заалтуудыг нь нэг саванд түүхэд цөөхөн хоног үлдээд байна. Цаашдаа хуулинд ямар нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрхэн шийдвэрлэхийг хүлээх л үлдлээ