Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хэлэлцүүлэг боллоо

2015 оны 11 сарын 11

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд “Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг институтчлэх: явц ба стратеги” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.11.10/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сургалтыг институтчлэх маш чухал хэлэлцүүлэг өрнүүлж байна. Сургалтыг цаашид зохион байгуулалт, санхүүгийн хувьд хэрхэн тогтвортой байлгах, чадавхийг нь бэхжүүлэх болон төслийн үр дүнгээр бий болсон сургалтын үүрэг функцийг шийдвэрлэх зэрэг олон асуудал бий. Эдгээр чухал асуудлын талаар санал бодлоо солилцож, өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна гэлээ.


Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг институтчлэх: явц ба стратеги” сэдэвт танилцуулгыг хийсэн юм. Тэрээр, энэхүү төсөл орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизм бий болгох, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог сайжруулах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлэх, ИТХ-уудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэдээлэл, мэдлэг солилцох механизмыг боловсруулж орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинг сайжруулах зорилт тавьсан.

Өнөөдрийн байдлаар төлөөлөгчдийн үндэсний сургалтын хөтөлбөр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын сайн туршлагыг баримтжуулах түгээх, хурлуудын хамтын ажиллагааг хангах, мэдлэг, мэдээлэл солилцох механизм бүрдүүлэх Khural.mn цахим хуудастай болсон зэрэг олон үр дүн гарсан. Үндэсний сургалтын хөтөлбөрийг бий болгоход ИТХ-ын төлөөлөгчдийн сэдэвчилсэн болон манлайллын сургалтын хөтөлбөр, гарын авлага, стандартыг боловсруулж, сургалтын хөтөлбөр агуулга стандартыг баримтлан аймаг, сумдын нийт төлөөлөгчдөд төлөөлөгчдийн, сэдэвчилсэн болон эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалтыг зохион байгуулсан гэлээ. Мөн тэрээр төслөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.


Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөл, Орон нутгийн хөгжлийн хүрээлэн, Баг сумдын холбооны төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26350
0 эможи
keyboard_arrow_up