Сонгуулийн хуульд ийм өөрчлөлт орно
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж энэ талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн ээлжит хуралдаанаар эхлээд Сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар ярилцжээ. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын даргын захирамжаар УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн төлөөлөл Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад багагүй хугацаанд ажилласан. Ингээд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бэлэн болсон. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг чадвал маргаашнаас хэлэлцэж эхэлнэ. Ээлжит сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа бага байгаа. Гурван ч хуулийн төсөл өргөн барьсан. Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл байгаа. Энэ гурван хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх эсэхийг өнөөдрөөс хэлэлцэнэ” гэлээ.
Тэрбээр мөн Сонгуулийн хуульд орж буй гол өөрчлөлтүүдийн талаар дурдсан юм. Тодруулбал,
- Тогтолцооны хувьд холимог системээ хадгална. Үүн дотор 48 нь мажоритар, нэг мандаттай байх нь зүйтэй гэж тусгасан байгаа.
- Сонгуулийг зохион байгуулах хуваарийг санал авах өдрөөс нааш тооцох ёстой.
- УИХ-ын сонгуулийг, Орон нутгийн сонгуультай хамтад нь нэг өдөр зохион байгуулна.
- Өмнөх сонгуулиудад иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан. Одоо иргэний бүртгэлтэй холбоотой систем бүрэн автоматжсан учраас сонгуулийн насны сонгогч хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх бүрэн боломжтой. Тийм учраас заавал иргэний үнэмлэх шаардахгүй.
- Сонгуулийн зарим хэсэг дээр нөхөн сонгууль, дахин сонгууль явах шаардлага гардаг. Цаг хугацааны хувьд хуульд тодорхой зааж өгөөгүй байсан учраас маргаан үүсдэг байсан. Энэ хуулиар дахин болон нөхөн сонгуулийн санал авах өдрийг хоёр удаа зохин байгуулъя. Эхнийхийг нь зургаадугаар сарын сүүлчийн бүтэн сайн өдөр. Хоёр дахийг нь 10 дугаар сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар зохион байгуулахаар нэмж оруулсан.
- Шинээр байгуулагдаж байгаа нам, эвслийн хувьд санал авах өдрөөс 180-аас дээшгүй хоногийн өмнө улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой.
- Сонгуулийн хэсгийн хороог Сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж гэж өөрчилнө. Энэ нэгж нь сум дүүргийн сонгуулийн хороонд харьяалагдаж ажиллана. Ахлах зохион байгуулагч болон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
- Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос хэтрүүлж болохгүй.
- Сонгуулийн компанит ажлын зардлыг аль болох хамгийн бага зардлын түвшинд зохион байгуулах асуудлыг хуульчилна.
- Сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ тогтоодог байсныг болиулаад Үндэсний аудитын газар тогтоож, олон нийтэд мэдээллэх ёстой гэж үзэж байна.
- Сонгуулийн мөнгөн хандивыг шинэчлэн тогтоож байна. Иргэний хувьд гурван сая хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хэмжээнд байж болно.
- Сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны хувьд улс төрийн намууд болоод нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллийн сурталчилгаа тэнцвэртэй ёстой гэж үзэж байгаа ажээ.
Түүнчлэн бүлгийн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 онд батлагдсан хэдий ч энэ хуулийн төслийг одоо хэрэглэх нь тохиромжгүй байгаа. Тийм учраас нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Энэ хуульд УИХ-ын 50 гаруй гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан гэдгийг бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлсэн.
Түүнчлэн 1945 оны аравдугаар сарын 20-нд анх Монгол Улсын тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталж байсан. Одоогийн шинэ хуулиар 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ард нийтийн санал асуулгыг явуулах зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа гэлээ. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, эс оруулах уу гэдгээ нийт ард түмнээсээ асууж шийдье гэсэн учраас ийнхүү тогтоолын төсөл өргөн барьсан гэв.