Ирэх сонгуулийн бэлтгэл буюу засгийг унагах төлөвлөгөө
Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн улстөрчдийн хаврын синдром хөдөлж, төв талбайг амраахаа байлаа. Би ч жагсана, бид цуглана, нам эсэргүүцлээ илэрхийлнэ гэцгээх болж.
Харин тэдний зорилго нь хоёр жил хиртэй муулж байгаа Засгийн газраа татан буулгаж, сайд нарыг суудлаас нь татаж унагах явдал. Өнөөгийн парламентад сөрөг хүчин гэж нэрлэгдэх болсон хүмүүсийн ам ангайх бүрт “Засгийн газар чадахгүй байна” гэдэг үг гарч, сав л хийвэл “сайд нар дээлээ тайл” гэж бархирах болов.
Ямар сайндаа л “сөрсөн базаа” гэсэн хошин нэртэй болчихсон сөрөг хүчин өнөөдөр тайван жагсаал хийнэ гэж байх вэ дээ. Тэд ийн жагсахдаа “давхар дээлээ тайл” хэмээн энэ хаврын тренд болсон улстөрийн шоу хийх юм байх. Мөн УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүй байна гэж байгаа.
Гэхдээ чадваргүй болсон гэж тодорхойлоод байгаа УИХ-ынхаа нэгээхэн хэсгийг өөрсдөө бүрдүүлж байгааг ч санах хэрэгтэй. Хуруу дарам цөөн бие даагч биш дээ. Парламентын танхимын нэгээхэн хэсгийг эзлэн суудаг хүмүүс өөрсдийн танхимаа муулаад байгаа нь хачирхалтай.
Түүнчлэн бидний санаачилсан хуулийн төслийг дэмждэггүй гэж хусмаа голсон хүүхэд шиг гомдоллож байгаа сурагтай. Үнэн хэрэгтээ энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад МАН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төсөл эрх баригчдынхаас хавь илүү харагдсан.
Их, дээд сургуулиудын талаар хэлэлцэхдээ хувьдаа сургуультай гишүүдийг хөтлөлцүүлээд гаргаж байсан шигээ давхар дээлтэй гишүүдийг хэлэлцүүлэгт оруулахгүйгээр дээлийг нь тайлах хэрэгтэй гэдгийг цөөнх хэлж байгаа.
Тодруулбал сөрөг хүчний бүлгийн дарга өчигдөр хууль боловсруулагч бөгөөд хууль биелүүлэгчийн ажлыг зэрэг хийж байгаа 17 сайдад санал хураалтад оролцохгүй байх тухай шаардлага хүргүүлсэн. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-тай хариуцлага тооцно гэж байв.
Уг нь энэ хоёр асуудлыг харьцуулж болмооргүйсэн. Дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрыг хоёр жилийнх нь ой дээр тараачихвал үлдсэн хоёр жилд нь хэн ажиллах вэ. Сонголтыг хэн хийх вэ зэрэг олон асуудал ургана.
“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг засаг солигдохдоо тулвал ард түмэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж, бухын хүзүүнээс ч хатуу болчихсон гэгдэж байгаа валютын ханш, элгээрээ хэвтчихсэн гэх эдийн засаг юу болох вэ. Түүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Манайхан шиг ажилтайгаа танилцах гэж бүтэн жил болдог хүмүүст ирэх хоёр жил дэндүү хомс биз.
Харин шинээр сонгогдож, ажилласан хоёр жил нь дуусахын даваан дээр “Би яг засаж, залруулах гэж байтал хугацаа дуусчихлаа. Ирэх дөрвөн жилд яг амжуулна” гээд зүтгэчихэж мэдэх л хүмүүс.
Гэтэл төрийн жолоог нэг бус удаа атгаж, одоо цулбуурыг нь атгалцаж яваа хүмүүс ийм гэнэн зүйл ярьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө улайрч байгаа нь хачирхалтай. Эсвэл уулын оргилд байсан хүмүүс бэлд нь буухаараа байж сууж чадахаа больдгийг илтгээд байна уу.
Өнөөгийн Засгийн газрыг урьд хожид байгаагүй их мөнгө үрсэн, бараг “их өр”-өөс ч давсан зээл авчихлаа гэж цамнаад байгаа. Тэгвэл тэднийг авч хаяад оронд нь ирэх хүмүүс хаанаас мөнгө олж, юу хийх вэ.
Сүүлийн үед давхар дээл гэх үгтэй хамт моодонд орж, бидний монголчуудын бахархан хэлэх дуртай орос хараал шиг амны уншлага болох шахсан царцаасан барилгын асуудал ч мөн гарч ирнэ. Хэрвээ энэ асуудлыг шийдээгүй байхад нь засгийг тараачихвал царцаасан барилгууд нь хөлдөж ч мэдэх юм.
Хэдийгээр төсөвт өртөг нь шийдэгдээгүй байгаа ч нийгэмд нэн шаардлагатай олон объект энэ жагсаалтад бий. Энэ мэт олон асуудлыг шахаж, шаардан, шийдвэрлүүлж байх ёстой хүмүүс ингэж муйхарлаж байгаа нь хөндлөнгийн бидэнд “чи чадахгүй бол, би хийе” гэдэг хөл бөмбөгийн алтан дүрэм шиг харагдаад болж өгдөггүй.
Тэгсэн мөртлөө бүлгийн дарга нь “Хэрвээ Засгийн газар огцорч, хамтарсан Засгийн газар байгуулах урилга ирвэл орох уу” гэхэд “Бид Засгийн газарт орохгүй” гэж хариулсан байна лээ.
Хэрвээ тэд санасандаа хүрвэл одоо байгаа 19 сайдын 17 нь солигдоно. Гэхдээ нөмгөн дээлтэй нөгөө хоёр ч үлдэх баталгаа тун бага. Тэгэхээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал орвонгоороо эргэнэ.
Нэгэнт л парламентын танхимаас сайд тавихгүй гэж байгаа юм бол дараа нь хэнийгээ авч ирж залах вэ. Аягүй бол “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэгч нь болж парламентад суудалгүй гэж ад шоо үздэг, жижиг гэх тодотголтой намуудаасаа бадар барьж, даргыг нь сайдаар өргөмжлөх хэрэг гарах вий.
Цаад утгаараа мань нөхөд эдийн засаг хүндэрсэн, “улаан гэрэл асчихлаа” гэдэг шуугианаар Засгийн газрыг ганц удаа “мөргөж” унагахгүй бол энэ хэвээрээ ирэх хоёр жилийг үдэн эргээд сэхэх тэнхэлгүй болж, нам нь элгээрээ хэвтэнэ гэдгийг тооцоолсных биз. Өөрөөр хэлбэл Засгийн газраараа дэнчин тавьж байгаад ч хамаагүй ганц удаа Пи-Ар хийж, олны анхаарлыг татах хэрэгтэйг мэдэрсэн бололтой.
Дараалсан сонгуулиудад, бөөн бөөнөөрөө ялагдал хүлээсэндээ дүгнэлт хийн, дараагийн удаа улсын болоод орон нутгийн парламентад олонх болж эзэгнэн төрөхийг санаархсан эхний оролдлого нь энэ бололтой. Айлын эрх хүүхэд яаж ч задарсан эцгийнхээ толгойгоор тоглодоггүйсэн.
Түүнтэй адил ядрахын цагт Засгийн газраараа шоудахын хэрэг байгаа л юм байх даа.