МУГЖ С.Жавхлан Увсчуудыг тоглолтоо үзэхийг ЗӨВШӨӨРЛӨӨ
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Дулаахан намар” тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.
МУГЖ дуучин С.Жавхлан тоглолтынхоо талаар "Би уран бүтээл хийгээд 23 жилийн нүүрийг үзэж байна. Урлагт арын хаалга байдаггүй учраас хүссэн хүсээгүй би мартагдана. Нэг байр суурин дээрээ зууралдах биш залуу үеэ дэмждэг байх хэрэгтэй. Миний хувьд цаашид монгол түмнийг соён гэгээрүүлэх чиглэлтэй "Хамаг монгол" төслөө үргэлжлүүлэхээр ажиллана.Увсынхан ирж болохгүй гэсэн юм байхгүй. Тухайн үеийн асуудал тэр үедээ л үлдсэн. Халуун дулаан сэтгэлтэй Монгол хүн бүрд нээлттэй. Хүмүүс "Жавхлангийн тоглолтыг үзэхээр л юм үзсэн юм шиг болдог" гэж ярьдаг энэ нь хийж байгаа зүйлээ сэтгэл гаргаж хийдэгтэй минь мөн тоглолтынхоо хөтөлбөрийг зөв боловсруулдагт байгаа юм" гэв.
Тоглолт энэ амралтын өдрөөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Тоглолтод бүх үеийн нийтийн дуучдын төлөөллүүд ирж оролцох ба хамтран дуулж байсан МУГЖ Т.Баясгалан дуулах юм байна.
Түүнчлэн ахмадууддаа зориулж 2,000 халаагууртай тусгай суудал болон тусгай хэрэгцээт үзэгчдэдээ зориулсан хэсгийг гаргаж байгаа ба тоглолтыг ирж үзэж чадахгүй хүмүүст зориулж хаалттай фэйсбүүк групп дээр төлбөртэй шууд дамжуулалт хийхээр болсон байна.