Ираны томоохон шоронгуудын нэгт хоригдлууд харгалзагчидтай мөргөлдөж, шоронгийн нэг хэсэгт гал түймэр гарчээ
Бямба гарагийн шөнө Ираны томоохон шоронгуудын нэг Эвинд хоригдлууд харгалзагчидтай мөргөлдөж, шоронгийн нэг хэсэгт гал түймэр гарсан байна.
Нийслэл Тегеранд оршдог Эвин нь улс төрийн хэрэгтнүүдийг хорьдог гол шорон юм. Бямба гарагийн шөнө шоронгийн зүгээс буун дуу, дэлбэрэлтийн чимээ сонсогдож, түгшүүрийн дохио дуугарч байсныг гэрчүүд мэдээлжээ.
Удалгүй гал түймэр гарч, өтгөн хар утаа олгойдсон байна.
Өчигдөр өглөө Ираны төв хэвлэл шоронд гарсан үймээнийг дарж, нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан тухай албаны эх сурвалжаас мэдээлжээ.
Шоронгийн нэг хэсэгт гарсан гал түймрийг унтраасан тухай Ираны хууль зүйн яам мэдээлсэн байна. Мөн үймээнийг дарахад хүч нэмэгдүүлэхээр цагдаагийн тусгай хүчийг шорон руу илгээсэн тухай мэдээлжээ.