ХАРАМСАЛТАЙ: Тайландын хүүхдийн төвд халдлага гарч 37 хүний аминд хүрснээс 23 нь ХҮҮХЭД байжээ

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

Тайландын зүүн хойд хэсгийн Нонг Буа Лампху мужид өмнө нь цагдаагаар ажиллаж байсан 34 настай Панья Камраб гэгч эр буу, хутгаар зэвсэглэн хүүхдийн төв рүү нэвтрэн орж 37 хүний аминд хүрчээ. Амиа алдагсдын 23 нь хүүхэд аж.

Гэмт этгээд өнгөрсөн зун хар тамхи хэрэглэж, худалдаалсан хэргээр цагдаагийн албанаас халагдсан бөгөөд хэргийг нь шүүх хурал энэ баасан гарагт болохоор товлогдсон байжээ.

Arslan.mn

Халдлага үйлдсэнийхээ дараа хэргийн газраас зугтсан гэмт этгээд гэртээ харьж эхнэр хүүгийнхээ амийг хөнөөн дараа нь өөрийгөө егүүтгэсэн байдалтай олджээ.

Зугтах замдаа бас замд нь тааралдсан зарим хүн рүү гал нээж шархдуулсан байна.

Амиа алдагсдын ихэнх нь хутганы шарх авсан гэдгийг албаныхан мэдээллээ. Хохирогчдын дунд хоёроос бага насны хүүхдүүд байгаа бөгөөд заримыг нь унтаж байхад нь амийг нь хөнөөжээ.

Гэмт этгээдийн хүү нь тус төвд явдаг байжээ. Гэхдээ сүүлийн нэг сар хичээлдээ ирээгүй юм байна. Хүүхдээ хүргэж өгч, авахдаа үргэлж сайхан ааштай, яриа хөөрөөтэй хүн байсан гэдгийг хүүхдийнх нь ангийн багш хэлжээ.

Халдлагад өртсөн хүүхдийн төв 90 орчим хүүхэдтэй бөгөөд хэрэг гарах үед цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан харьцангүй цөөхөн хүүхэд ирсэн байжээ.

Хэрэгтэн хүүхдийн төвд өдрийн цайны цагаар ирж хамгийн эхэнд галт зэвсгээр таван ажилтаны аминд хүрсэн гэнэ. Энэ үед амиа алдсан нэг багш эмэгтэй найман сартай жирэмсэн байжээ. Үүний дараа хүүхдүүд унтаж байсан цоожтой өрөө рүү орох гэж оролдсон талаар ажилчид мэдүүлэгтээ ярьжээ.

 

Хэргийн газарт ирсэн цагдаа нарыг маш аймшигтай дүр зураг угтан авсан гэж цагдаагийн газраас хийсэн мэдээлэлд дурджээ. Аймшигт хэргийн талаар сонсон цочролд орсон эцэг эхчүүд хүүхдийн төвийн гадна цугласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641185
1 эможи

keyboard_arrow_up