“Оскар”-ын үе үеийн түүх
Америкийн кино академийн тэргүүн шагнал “Оскар” гардуулах 88 дахь ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Манай зарим хэвлэл мэдээллийнхэн “Оскар”-ын улаан хивсний ёслолоос шууд сурвалжлага хүргэж буй билээ. Учир нь, Оскар бол хэдийгээр Америкийн кино академийн дээд шагнал гэгддэг ч дэлхийн кино урлагийн хамгийн дээд ёслол хүндэтгэлийн ажиллагаа гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн АНУ-д бүтээсэн кино уран бүтээлээс гадна Ази, Европ, Африк тивийн аваргууд ч алтан шармал баримлыг авахын тулд хамаг хүч хөлсөө дуслуулан хөдөлмөрлөдөг билээ. Дайн байлдаан, хямралыг үл харгалзан болж байсан 80 гаруй жилийн түүхтэй алдарт “Оскар”-ын ёслолын үеэр зарим шуугиант үйл явдлыг эргэн саная.
Оскарт нэр дэвшигчид нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн үзэл бодлоо энэ л индрээс илэрхийлж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэж, зарим улс орон хүнд хэцүү нөхцөлд байхад зарим нь ийм үрэлгэн байгааг эсэргүүцэн шагналаа авахаас ч татгалзсан түүх ч бий.
“Оскар”-аас татгалзсан нь
“Оскар”-ын түүхэнд түүнээс татгалзсан тохиолдол гурван ч удаа гарсан байдаг. Эхнийх нь 1936 онд “New York World” сонины сэтгүүлч асан Дадли Николс.
Тэрээр 1935 онд бүтээсэн “Мэдээлэгч” кино зохиолоороо шилдэг зохиолчоор тодорсон юм. Гэвч тэрээр найруулагч, жүжигчид гээд киноны хамт олонтойгоо эв санаа нэг байгаа гэдгээ илтгэн “Оскар”-ын наймдугаар ёслолд оролцохоос татгалзжээ. Учир нь “Оскар”-ын ёслолоос хэдхэн хоногийн өмнө гарсан танилцуулгын дараа жүжигчин Жеймс Кэгни, Гэри Купер нараас хамт олондоо хандан хамтдаа “бойкот” зарлахыг уриалсан захидал илгээсэн байна. Киноны найруулагч Эрнест Паскал “Лос-Анжелос таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Манай гишүүдээс хэн нь ч Академитай ямар нэг байдлаар холбоотой байдаггүй” гэжээ. Хэдийгээр Кино Академийн гишүүдийн зүгээс тус киноны хамт олонд зориулан хариу захидал илгээсэн боловч тэд “Оскар”-т хамраа ч цухуйлгаагүй байна. Гэсэн ч Дадли Николсоос бусад бүх ялагч шагналаа гардсан гэнэ. Ёслолын дараа Академийн зүгээс Дадли Николст шуудангаар хоёр ч удаа шагналыг нь илгээсэн боловч тэрээр буцаасаар байж.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн нь
1940 онд Хэтти МакДэниел нь Оскарт нэр дэвшсэн анхны хар арьст жүжигчин болсон юм. “Шуурганд туугдагсад” киноны асрагч эхийн дүрээр тэрээр “эмэгтэй туслах дүр” номинацид нэр дэвшиж, гардсан. Энэ дүрийн төлөө хэдэн арван эмэгтэй өрсөлдсөн бөгөөд тухайн үеийн АНУ-ын тэргүүн хатагтай Элеонора Рузвельт өөрийн асрагчийг хүртэл тоглуулах гэж хичээсэн гэдэг. Хэтти Мак Дэниелийг кинонд тоглосны дараа бүх Америк даяар гайхамшигтай жүжигчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотойгоор түүнд элдэв бэрхшээл үргэлж тохиолдож байжээ. Атлантад болсон киноны нээлтэд африк гаралтай жүжигчдийг уриагүй гэнэ. Харин “Оскар”-ын ёслолд түүнийг урьсан боловч хар арьстнуудад зориулсан хамгийн доод зэрэглэлийн суудалд суухыг хүсч. Түүний нэрийг зарлахад Хэтти цагаан арьст зочдын дундуур алхсаар гарч ирээд “энэ бол хар арьст бүх хүний ялалт” хэмээн бардам хэлжээ.
“Оскар”-ыг хулгайлсан нь
2000 оны “Оскар”-ын ёслол алтадсан барималгүй болох дөхсөн юм. Ёслолын ажиллагаанаас долоо хоногийн өмнө Лос-Анжелос дахь “Roadway Express” тээврийн компанийн агуулахаас “Оскар”-ын баримлуудыг хулгайд алдсан байна. Гэхдээ хэдхэн хоногийн дараа баримлуудыг хогийн савнаас олсон. Орон гэргүй Уилли Фалджер гэх эр хогийн саванд байсан “Оскар”-ын баримлуудыг олж цагдаад тушаасныхаа төлөө 50 мянган ам.долларын шагнал авсан гэнэ. Хожим нь Roadway Express компанийн ажилтан Энтони Харт, Лоуренс Ледент нар эдгээр баримлыг худалдахаар хулгайлсныг илрүүлжээ. Гэвч зарах боломжгүйг мэдсэн даруйдаа бушуухан салахын тулд хогийн сав руу чулуудсан гэнэ.
Оскар нь 3,85 кг жигтэй баримал. Жил бүр 50 ширхгийг үйлдвэрлэдэг бөгөөд баримал бүр дугаартай байдаг гэнэ.
Америкийн уугуул иргэдийг өмөөрсөн нь
1973 оны “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийг “Загалмайлсан эцэг” киноны Вито Карлеонийн дүрээр Марлон Брэндон хүртсэн юм. Гэвч тэрээр ёслолын үеэр танхимд орж ирээгүй гэнэ. Түүний оронд тайзнаа апачи гаралтай индиан жүжигчин Сашин Пера гарч ирж. Тэрээр Роджер Мурын гараас баримлыг авахаас татгалзав. Харин Марлон Брэндоны Кино Академийн гишүүд болон өөрийн хамтрагчиддаа хаягласан захидлыг барьж гарч ирснээ хэлээд Брэндоны шагналаасаа татгалзсан шалтгаан нь Америкийн кино урлагийнхан болоод уугуул индейнчуудын хоорондын харилцаанаас үүдэлтэй гэв. Тэднийг кинонд өөрсдийнхөө дүрд тоглохыг зөвшөөрдөггүй. Дүрийг цагаан арьст жүжигчдэд өгч байгааг эсэргүүцсэн байлаа. Ёслолын маргааш нь энэ захидлыг “New York Times” сонин нийтэлжээ. “Манай киноны уран бүтээлчид нутгийн уугуул иргэдийг доромжилж дорд үзэж байгаагийн төлөө хамтдаа уучлал эрэх ёстой. Бид тэднийг ердөө л инээдтэй зэрлэг амьтадтай адилтган муу муухайгаар илэрхийлж байна” хэмээн жүжигчин онцлон бичсэн аж. Түүний энэ үзэл бодлыг хүмүүс янз бүрээр хүлээн авсан ч академийн гишүүд буруушаасан гэнэ. Оскарын түүхэнд хамгийн сүүлд шагналаасаа татгалзсан жүжигчнээр Брэндоныг нэрлэдэг.
Палестинчуудыг дэмжсэн нь
“Оскар” гардуулах 50 дахь удаагийн ёслолыг жүжигчин Ванесса Редгрейвын үйлдэл түүхэнд мөнхөлжээ. Тэрээр “Жулия” киноны дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг гардахаар 1978 онд “Оскар”-ын тайзнаа гарч ирсэн билээ. Ванесса өөрийн гэр бүл, хамт олондоо талархахын оронд дарангуйллын бүх хэлбэр дэлхий нийтээр ноёрхон балмад үйлдлүүд бурхныг хилэгнүүлж буй тухай үг хэлсэн юм. 1977 онд “Палестинчууд” нэртэй түүхэн баримтат киноны продюссер, зохилчоор ажилласан тэрээр зураг авалтын дараа өгсөн ярилцлагадаа “дарангуйллыг эсэргүүцэн хүмүүст туслах хамгийн сайхан боломж бол кино урлаг” гэжээ. Харин түүний хийсэн бүтээлийг “Jewish Defense League” хэмээх олон нийтийн байгууллагын зүгээс маш ихээр шүүмжилсэн аж. Тэд жүжигчин Палестины төр засгийн буруутай үйлдлүүдийг хаацайлан дэмжиж байна гэж үзсэн юм. Оскарын тайзнаас Ванесса “Jewish Defense League байгууллага нь энэ дэлхийн бүхий л еврейчүүдийг дорд үзэн доромжилж байна. Гэхдээ тэдний үйлдэл нь Академийн гишүүд болоод бусад жүжигчдийг айлгаж чадахгүй” гэж хэлсэн байна. Танхимд цуглагсад түүний хэлсэн үгийг гайхан хүлээж авсан бөгөөд араас нь гарч ирсэн зохиолч Пэдди Чаефски энэ шагналыг аваад талархал илэрхийлэхэд л хангалттай гэжээ.
Түвдийг өмөөрсөн Ричард Гирийн үг
Тэрээр жүжигчний карьерынхаа хугацаанд Оскарт нэг бус удаа нэр дэвшсэн юм. Гэхдээ түүнийг “Оскар”-ын тайзнаа урих Академийн зүгээс тун ч их болгоомжилдог. Учир нь 1993 онд Ричард Гир шагнал гардахаар биш гардуулахаар “Оскар”-ын тайзнаа гарчээ.
Гэтэл тэрээр “Шилдэг зураач” номинацын эзнийг урьж магтахын оронд Түвдэд явуулж байгаа Хятадын улс төрийн бодлогыг буруушаан үүнийгээ зогсоохыг шаардаж байна хэмээн хатуу өнгө аястай илтгэл тавьжээ. Үүнээс хойш түүнийг ямар нэг хэлбэрээр “Оскар”-ын тайзнаа урихаас эмээдэг болов. Тэр өдрөөс хойш Ричард Гир Түвдэд явуулж байгаа Хятадын бодлогыг эсэргүүцэж, тус улсад дэмжлэг үзүүлэх олон улсын хороог тэргүүлэх болсон юм. “Оскар”-ын ёслолын үеэр улс төр ярьсан өөр нэг тохиолдлын эзэн нь Тим Роббинс, Сьюзан Сарандон хоёр. Тэд Гайтигаас дүрвэгсдээс ДОХ-ын халдвар тархаж байгаад АНУ-ын төр анхааралдаа авахыг шаардсан юм. Үүнээс болж хосуудын “Оскар”-ын ёслолд оролцох эрхийг хоёр жилээр хасч байсан гэдэг.
Иракийн дайны эсрэг Майкл Мур
2003 оны гуравдугаар сарын 23-нд “Оскар” гардуулах 75 дахь ёслол болсон юм. Энэ өдрөөс гурав хоногийн дараа АНУ Ирак руу цэргээ илгээсэн билээ. Энэ удаад Оскар зохион байгуулагчид уламжлалт улаан хивснээс татгалзаж, мөн аюулгүй байдлын үүднээс агаарын бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулаагүй аж. Ёслолд оролцогчид эхлээд улс төрийн нөхцөл байдлын талаар тайлан мэдээлэл сонсъё гэж байсан боловч үүнийг бүгд хүлээн зөвшөөрөөгүй учраас ажил хэрэг болж чадаагүй гэнэ. Харин найруулагч Майкл Мур “Колумбид зориулсан боулинг” нэртэй баримтат киногоороо “Оскар” гардахаар тайзнаа гарахдаа Иракийн дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. “Бид энэ дайны эсрэг байна шүү Жорж Буш аа. Энэ бол ичгүүр ноён Буш” хэмээн “Кодак” кино театрын тайзнаас чанга дуугаар хэлсэн юм.
“Оскар” хөтлөхөөс татгалзсан Эдди Мерфи
2011 онд “Оскар”-ын 84 дэх ёслол болсон юм. Гэхдээ тус ёслолын ажиллагааны продюссер, найруулагч Бретт Рэтнер эхлээд татгалзаж буйгаа илэрхийлсэн бол дараа нь хөтлөгч нь мөн татгалзав. Тэрээр бэлгийн цөөнхийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ ёс зүйгүй загнаснаас болж ийн “Оскар”-аас татгалзахад хүрчээ. “Хэдийгээр би хэлсэн үгнийхээ төлөө уучлал хүссэн ч Оскараас татгалзахаас өөр аргагүй байдалд орлоо.
Академийн Ерөнхийлөгч Том Шерак руу утасдаж энэ тухайгаа дуулгасан. Оскар бол миний карьерын дээд оргил байв. Татгалзах надад үнэхээр хүнд байлаа. Гэхдээ миний хэлсэн үг Академийн энэ хүндэт ёслолд нөлөөлөх вий гэсэн үүднээс ийм алхам хийлээ” гэжээ. Гэтэл найруулагчийн араас хөтлөгч нь мөн татгалзсанаа илэрхийлэв. Хошин жүжигчин Эдди Мерфи “Рэтнер надад энэ ёслолыг хөтлөхийг санал болгосон юм. Тиймээс найзын харилцаатай Рэтнер маань нэгэнт татгалзсан учраас би ч мөн татгалзаж байгаа гэж. Мерфигийн оронд “Оскар”-ыг жүжигчин Билли Кристал тэр жил хөтөлжээ. Түүний хувьд энэ бол ес дэх ёслол нь байлаа.
Үнс тэвэрсэн Саша Барон
2012 оны “Оскар”-ын ёслолд улаан хивсэн дээгүүр БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ирийн дүрстэй бумбанд үнс дүүргэн бариад “Дарангуйлагч” киноны гол дүрийн баатрын хувцсыг өмссөн Саша Барон Коэн өөрийн эрхгүй олны анхаарлыг татсан юм.
“Энэ бол миний мөрөөдөл байлаа. Оскарын улаан хивсэн дээр Холли Берриг цээж нүцгэн харахсан” хэмээн сэтгүүлчдэд тэрээр хэлсэн бөгөөд гартаа барьсан зүйлээ Ким Чен Ирийн үнс гэжээ. Хамгаалагч нар түүний хувцсаа хурдан солихыг хүссэн байна.
Ялгаварлагчийн шуугиан буюу Африк гаралтай нэр дэвшигч алга
Ялгаварлан гадуурхах үзэл өнөөдөр ч АНУ-д байгаа гэдгийг энэ удаагийн “Оскар”-ын ёслол улам илүү баталж байна хэмээн өнгөрсөн сараас эхлэн африк гаралтай жүжигчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Жада Пинкет Смит энэ удаагийн нэр дэвшигчдийн дунд хар арьст жүжигчин нэг ч байхгүйг онцлоод “цагаан сараана” гэж хэлж болох 2016 оны ёслолд оролцохгүй байхыг хар арьст жүжигчиддээ уриалсан байна. 2003 онд “Оскар”-ын ёслолд эсэргүүцлээ илэрхийлж байсан Майкл Мур тэдэнтэй нэгдэхээ илэрхийлэн, академиас зохион байгуулсан үдэшлэгт оролцохгүй гэсэн байна. “40 гаруй нэр дэвшигчдийн дунд нэг ч хар арьст жүжигчин багтаагүй нь үнэхээр тэнэглэл. Спайк, Жада нарын зүгээс гаргасан эсэргүүцэл нь цагаа оллоо. Тэд Оскарын түүхэнд үлдэх нь тодорхой“ хэмээн Мур хэлсэн байна.
Хар арьстнуудыг ялгаварлан гадуурхаж байна гэх олон нийтийн хандлагыг Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгч Дональд Трампын хэлсэн үг бүүр гал дээр тос асгах мэт өрдсөн. Тэрээр “хар арьст жүжигчид, хөгжимчид, тамирчид урлаг спортыг бүрхлээ. Цагаан арьстнуудад энд зай ч алга. Би хэзээ ч ийм бодлого боловсруулахгүй” хэмээн хэлсэн юм. Харин үүнийг Америкийн кино академийн удирдлагууд эсэргүүцсэн. Академийн Ерөнхийлөгч Шерил Бун Айзекс “Бид бүтцийн болон шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, шинэ чиг хандлагыг буй болгох нь цаг нь ирж” гэсэн юм.