Х.Уянга гэж хэн бэ
Загварын акулуудыг нэг дор цуглуулж, чуулдаг “Гоёл 2015” наадам өнгөрсөн баасан гаригийн орой шилдгүүдээ шалгаруулсан билээ. Энэ жилийн топ моделиар Х.Уянга гэгч бүсгүйг тодруулж, 28 дахь топ гэсэн нэрийг тэрээр хүртсэн юм.
Загвар өмсөгч Х.Уянгын хувьд анх 13 настайгаасаа л загварын ертөнцөд хөл тавьж, өнөөг хүртэл тасралтгүй 16 жил загварын тайзнаа алхжээ. Түүнийг загвар өмсөгч дундаа гоё хөлтэй гэж ярьдаг. Тиймээс урт хөлөө ил гаргасан богино хувцас өмсч байхыг найзууд нь санал болгодог гэнэ. Шинэхэн бас отгон топ модель Х.Уянга цахим хуудсандаа баярын сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр “Миний нэр Уянга гэхээсээ илүү Хулганаагийн Уянга гэдэг бүтэн нэрээрээ дуудуулж ирсэн. 13 настай охиноо загварын ертөнцөд хөтлөн оруулсан тэнгэрт байгаа аавдаа хамгийн их баярлаж байна. Та минь миний бахархал юм шүү. Анх Гоёл наадамд орсноос өнөөдрийг хүртэлх олон жил өмссөн хөдөлмөрийг минь хүндэлж “Топ модель” хэмээх эрхэм шагналыг надад олгосонд маш их талархаж байна. Бас миний хамгийн эрхэм нандин ээждээ маш их баярлалаа. Мөн намайг үргэлж дэмжиж байдаг хайртай эгчдээ, хайртай ахдаа чин сэтгэлээсээ баярласанаа хэлмээр байна. Баяр хүргэж байгаа бүх хүмүүсдээ гэр бүл загварын ертөнцийнхөндөө, үе үеийн моделиуддаа эрхэм анги хамт олондоо, хайртай найз нартаа намайг дэмждэг бүх хүмүүст маш их баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.