Сүхбаатар аймагт гурван ихэр залуу нэгэн зэрэг хуримлав
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мэндэлсэн гурван ихэр ах дүүс өчигдөр буюу билгийн тооллын 16-ны өдөр хуримаа хийжээ. Ихрүүд 29 настай бөгөөд Баруун-Урт хотын “Кристалл” хуримын ордонд гэрлэх ёслолоо үйлдсэн байна.
Тэднийг Ц.Өлзиймөнх, Ц.Өлзийжаргал, Ц.Өлзийбаатар гэдэг бөгөөд зургаан хүүхэдтэй айлын отгон хүүхдүүд аж. Ихрүүд дээрээ гурван эгчтэй бөгөөд нөгөө хоёр нь Ц.Өлзийжаргалыгаа “ахаа” хэмээн хүндэлж дууддаг гэнэ.
Манай улсад тэр бүр тохиолдоод байдаггүй ховорхон хуримын гэрч болж буй ихрүүдийг төлөөлж Ц.Өлзиймөнхтэй холбогдон баяр хүргэхэд тэрээр “Нэг өдөр ээж, аавынхаа голомт дээр төрж, ижилсэн заяасан болохоор бид хуримаа нэгэн зэрэг хийхээр болсон юм. Үнэхээр сайхан байсан. Гэр бүлийнхэн болон хуримын бүх зочиддоо баярлаж байгаагаа илэрхийлье” гэлээ.
Тэдний хуриманд ах дүүс, найз нөхдөөс нь гадна Монголын ихрүүдийн холбооны Увс аймгийн харьяат гурван ихэр эгч дүүс зочилж, баяр хүргэсэн байна.
Ихрүүд өөрийн гэсэн ажил төрөл эрхэлж, нутаг орондоо амьдардаг бөгөөд Ц.Өлзийжаргал Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Засаг даргын тамгын газарт ажилладаг бол Ц.Өлзийбаатар нь тус хотын Хаан банкинд, Ц.Өлзиймөнх Сүхбаатар амйгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод тус тус ажилладаг гэнэ. Мөн тэд хэдийнэ аавууд болжээ. Ц.Өлзиймөнх 2 хүүхэдтэй, Ц.Өлзийбаатар, Ц.Өлзийжаргал нар тус бүр нэг хүүхэдтэй аж.
Түүнчлэн гурван ихэр хүү төрүүлсэн тэдний ээжийг н.Энхбаяр гэдэг бөгөөд өдгөө 58 настай ажээ. Тэдний хурим өчигдөр нижгэр болж, ах дүү, найз нөхөд, нутгийн иргэд нь сайн сайхныг хүссэн сэтгэгдлээ цахим хуудсаар дамжуулан илэрхийлсээр байлаа.
Монголын үрс маш олон болтугай. Өрх гэрийн тоог гурваар нэмж, голомтоо бадраасан гурван ихэртээ болон гэр бүлд нь аз жаргал хамгийн сайхныг хүсэн ерөөе.