С.Баяр юу ярив?
МАН-ын хуучин кадруудын нэг, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр улс төрд өрнөж байгаа үйл явдлууд, тэр дундаа эрх баригч хүчин МАН-ыг Засгийн газраас гаргасныг хувьдаа юу гэж үзэж буй, УИХ-ын гишүүн Г.Уянгын зарлаад байсан АНУ дахь долоон хаус эзэмшил нь мөн эсэх, энэ талаар Авлигатай тэмцэх газарт шалгуулсан тухайгаа дэлгэрэнгүй ярьсан ярилцлагыг www.itoim цахим сайтад өгчээ.
МАН-ыг Засгийн газраас гаргасныг энэ эрхэм “Нэгд хүн ёсны талаасаа арай л хуншгүй, жудаггүй юм болж харагдсан. Урьж оруулчихаад хөөгөөд гаргана гэдэг ямар ч хүн, аль ч ард түмний ёсонд хазгай үйлдэл. Хоёрт, Монгол Улсын сүүлийн 25 жилийн ачааг сайн, муу хэлүүлдэг ч АН, МАН хоёр л үүрсээр ирсэн. Анхны ардчилсан сонгууль, анхны ардчилсан Үндсэн хууль, эдийн засаг, нийгмийн гол, гол зангилаа олон асуудлыг хамтын ухаан, хамтын зүтгэл, Монголоо гэсэн сэтгэлээр шийдсээр ирсэн. Холын аянд явахад юм, юм л тохиолдоно. Хүн ч адил, нам ч адил. Сайдна, муудна, хэрэлдэнэ, эвлэрнэ. Гэхдээ холын аян хамт туулж яваа хүмүүсийн хооронд нэг тийм онцгой нандин харилцаа үүсдэг. Тэр харилцааны суурь нь итгэл, итгэлцэл юм. Монголоо гэсэн сэтгэлээр бие биедээ итгэх тэр итгэлцэл эмтэрч байх шиг” гэжээ.
Харин улстөрд дахин орох уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Одоо шинэ үе гарч ирэх ёстой” хэмээн хариулсан байв.