Марк Цукерберг: Си даргатай биечлэн танилцсан нь нэр төрийн хэрэг
БНХАУ-ын дарга Си Зиньпин эдгээр өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийж байна. Өчигдөр Сиэтл хотод газардсан тэрээр "АНУ-БНХАУ-ын интернетийн салбар" сэдэвт чуулганд оролцсон байна.
Тус чуулганаар технологийн компаниудын захирлууд Америк, Хятадын өндөр албан тушаалтнуудтай интернетийн салбарын ирээдүйн хөгжил зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Сиэтлд болсон чуулганд “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг оролцжээ. “Си даргатай уулзан, биечлэн танилцах боломж тохиосон. Түүнтэй танилцсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” хэмээн Марк фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Сонирхуулахад Хятадын удирдагчийн АНУ-д хийж буй айлчлалын мэдээг цаг алдалгүй хүргэж буй Xi's US Visit хуудас фэйсбүүкт нээгдсэн талаар Марк хэллээ.
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ Фейсбүүк БНХАУ-д борлуулалтын салбараа нээхээр төлөвлөж байгаа юм. Фейсбүүк БНХАУ-д хязгаарлагдмал байдлаар ашиглагддаг ч орон нутгийн зар сурталчилгааны байгууллагуудтай хамтран ажиллах нь компанид илүү ашигтай.