Фэйсбүүк ба хүүхэлдэйн баатрууд
Фэйсбүүкийнхээ зургийг яагаад хүүхэлдэйн баатруудаар солих болов?
Өнөөдөр та фэйсбүүктээ орсон бол тэндээс маш олон үлгэрийн баатруудын зургийг харсан байх. Таны найзууд хүүхэлдэйн киноны баатраар өөрийнхөө фэйсбүүк хаягийн профайл зургийг сольсон байгаа. Та ч бас энэ давалгаанд нэгдсэн байж болно.
Хүмүүс яагаад ингээд байна вэ? Энэ ямар утга учиртай вэ гэж гайхаж байж магадгүй.
Тэгвэл танд хариултыг нь хүргэе. 2010 оны арванхоёрдугаар сарын эхээр фэйсбүүкт энэ давалгаа анх таржээ. Фэйсбүүкийн нэгэн группт “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг кампанит ажилд нэгдэн, фэйсбүүкийн профайл зургаа арванхоёрдугаар сарын 6 хүртэл хүүхэлдэйн баатрын зургаар солихыг уриалж байна. Хэрвээ та хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдэж байвал зургаа сольж, энэхүү уриалгыг өөрийн хуудсандаа хуулж тавина уу” гэсэн мэссэжийг тараажээ.
Уг групп нь 90 гаруй мянган гишүүнтэй байсан ба уриалгыг Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний нийгэмлэгээс гаргасан мэтээр мэдээлсэн байна. Харин энэхүү кампанит ажил фэйсбүүкээр хүчээ аван давалгаалж эхлэх үед Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний нийгэмлэгээс энэ үйл ажиллагаатай ямар ч хамаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, няцаалт хийж байсан юм.
Тэр ч бүү хэл, хүүхдийн хүчирхийлэгчид фэйсбүүк хаягийнхаа зургийг хүүхэлдэйн баатраар сольсноор хүүхдүүдтэй фэйсбүүкт амархан найз болох, харилцаа холбоо үүсгэх эрсдэлтэй учир энэ давалгааг зогсоохыг хүртэл зөвлөж байжээ.
Тухайн үед ингээд фэйсбүүкийнхээ профайл зургийг хүүхэлдэйн баатрын зургаар солих кампанит ажил хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын нэрийг барин худал мэдээлэл тараасан уу, хүмүүсийг төөрөгдүүлсэн энэ давалгаа яг ямар зорилготой вэ гэдэг нь тийм ч тодорхой бус болж, өнгөрсөн юм.
Нэг хэсэгтээ шуугиан тарьж байсан энэхүү “эзэнгүй” аян өнөөдөр Монголын фэйсбүүк хэрэглэгчдийг давалгаандаа нэгтгэж эхэлсэн бололтой. Хаа сайгүй хүүхэлдэйн баатрууд болжээ.