Дэлхийг өөрчилсөн 20 эмэгтэй
Нинжин сэтгэл, гоо үзэсгэлэн, хүч чадал, мэдлэг боловсрол, эрх мэдэл, авьяас чадвар, хичээл хөдөлмөрийнхөө үр шимээр дэлхийн хамгийн том өөрчлөлтүүдийг хийж чадсан 20 ЭМЭГТЭЙГ нэрлэж байна.
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ:
1
ТЕРЕЗА ЭХ. Түүний жинхэнэ нэрийг Агнес Гонжа Бояжу гэдэг. Олонд Тереза эх нэрээр алдаршсан тэрбээр гэлэнмаа, "Бурхны хайрыг тунхаглагч цуглаан"-ыг үүсгэн байгуулагч юм. Дэлхий дахинд энэрэл, хайр түгээж бүсгүй хүний агуу сэтгэлийг харуулж чадсан тэр ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙН нэгт жагсжээ. Тереза эхийн ядуу, зовсон хүмүүсийн төлөө хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн юм.
2
ОПРА ВИНФРИ. Тэрбээр Америкийн телевизийн салбарын маш амжилттай ток шоу болох The Oprah Winfrey Show-аараа алдартай юм. Долоо хоногийн шоу нь 2006 он гэхэд 105 орны 21 сая үзэгчтэй байжээ. Винфри нь HARPO Productions компаний эзэн юм. Мөн 2011 онд тэрээр OWN (Oprah Winfrey Network) гэх өөрийн телевизийн сувагтай болжээ.Тэрээр хамгийн анхны африк гаралтай Америк тэрбумтан эмэгтэй юм. Форбес сэтгүүлийн зарласнаар тэрбээр 2009 - 2010 онд 315.000.000 ам.долларын ашигтай байсан. Түүний хөрөнгө 2,7 тэрбум доллар гэж үнэлэгддэг. Америкийн мэдээллийн салбар дахь гайхалтай нөлөөллийнхөө ачаар Опра 2010 онд Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 64-р байрт бичигджээ.Опра өөрийн амьдралын таагүй дурсамжуудыг олон нийтэд нээлттэй ярьж мөн бусдын ч зовлон, зүдгүүрийг ил болгож, хүний сэтгэлийг уудлан ярилцаж чаддаг нь түүний шоуг амжилттай болгосон юм.
3
МАРГАРЕТ ТЕТЧЕР. Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд юм. Тэрбээр дэлхий дахинаа "Төмөр хатагтай" хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд. Тухайн үеийн Зөвлөлтийн сэтгүүлч нар түүний тууштай зан бусдыг манлайлан удирдах чадварыг үнэлэн “Төмөр хатагтай” гэдэг цол хайрлажээ. Анх 1959 онд Парламентийн гишүүнээр сонгогдож байсан “Төмөр хатагтай” 1970 онд Засгийн газрын Боловсрол Шинжлэх ухааны гадаад хэргийн сайд Эдвард Хитийн нарийн бичгээр ажиллаж байгаад 1975 онд Консерватив намын удирдагчийн сонгуульд мөнөөх Эдвард Хитийг ялж Английн түүхэнд анх удаа эмэгтэй хүн тус улсын гол намын тэргүүн болжээ. Улмаар 1979 онд Их Британийн ерөнхий сайд болж, 1990 он хүртэл ажилласан билээ.Маргарет Тетчер бол дэлхий даяарх хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгэн тод жишээ юм.
4
АН САН СҮ ЧИ. Ан Сан Сү Чи нь ард түмнээ ардчилсан засаглалыг дэмжих, ардчилсан засаглалыг тогтоохын төлөө зүтгэхээр уриалж хагас сая хүн цугласан жагсаалын өмнө үг хэлж байсан нэгэн билээ. Ан Сан Сү Чи орчин үеийн улс төрд үлгэр болох том жишээг өөрийн биеэр үлгэрлэсэн юм. Тодруулбал, тэрбээр хүнд өвчтэй нөхөртэйгээ уулзахын тулд Мьянмарийг орхин гар гэсэн саналыг эсэргүүцэж, нутагтаа үлдсэн юм. Эх орных нь ирээдүй хувийн амьдралаас нь илүү чухал гэсэн зарчмыг үгээр төдийгүй, үйл хэргээрээ харуулсан нь энэ. Зэвсгийн хүчээр төрийн эрхийг бариад байсан армийн офицеруудын удирдлагыг ардчилсан сонгууль явуулах гарцаагүй байдалд оруулж чадсан хүн бол Ан Сан Сү Чи билээ. Түүний энэхүү хичээл зүтгэлийг дэлхийн нийт өндрөөр үнэлж, энх тайвны Нобелийн шагнал хүртээсэн юм.
5
МЭРИЛЭН МОНРО. Мэрилэн Монро 1950-1960-аад оны холливүдийн дүр төрхийг өөрчилж чадсан билээ. Тэрбээр өөрийн энхрий байдал, шаргал үс, ташаагаа гунхалзуулан алхах зэрэг цоо шинэ хэв загваруудыг бий болгож жинхэнэ секс билэг тэмдэг болж чаджээ. Тухайн үеийн жүжигчид, кино урлаг болоод нийгмийнхээ хувьд гол билэг тэмдэг, үлгэр, загвар болж байсан Мэрилэн Монро өдгөө ч хамгийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг байсаар байна.
6
ЖОАННА РОУЛИНГ. Жоанна Роулинг нь Харри Поттэр цувралын зохиогч бөгөөд түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545 сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ. Баячуудын жагсаалт гаргадгаараа алдартай Форбес сэтгүүлээс түүнийг ном зохиож тэрбумтан болсон анхны хүн, дэлхийн хоёр дахь баян эмэгтэй, дэлхийн хамгийн баян 1062 дахь хүнээр тодорхойлсон байдаг. 2000 онд тэрбээр Воланд хүмүүнлэг, тусламжийн байгууллагыг үүсгэсэн. Энэ байгууллагын жилийн төсөв нь 5.1 сая доллар бөгөөд ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгахыг зорьдог. Мөн хүүхдүүдэд болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд тусалдаг ажээ. Роулинг нь зохиолчид төдийгүй дэлхийн олон сая хүнд мөрөөдөл, зорилгоо биелүүлэх нь ямар чухал вэ гэдгийг мэдрүүлсэн хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.
7
РОЗА ПАРКС. АНУ-ын хар арьстан иргэдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй юм. 1955 оны 12 сарын 1-нд Алабама мужийн Монтгомери хотод Роза Паркс автобусанд хар арьстан зорчигч цагаан арьстанд суудлаа тавьж өгөх бичигдээгүй ялгаварлан гадуурхах хуулийг зөрчиж цагаан хүнд суудлаа тавьж өгөөгүйгээс доромжлуулан баривчлагдаж, шоронд хоригджээ. Түүний энэ явдлаас болж тус хот дахь сүмийн тэргүүн Мартин Лютер Кинг хар арьстан иргэдийн эрх чөлөөний төлөө тэмцэн босч, 1963 онд Вашингтонд тэгш эрхийн төлөөх тэмцлийн жагсаалыг зохион байгуулсан түүхтэй. Тухайн үед АНУ-д нийтийн автобусны урдуурх суудлуудад зөвхөн цагаан арьстнууд суудаг, арын суудлуудад хар арьстнууд суудаг ба бүх суудал дүүрэхэд цагаан зорчигчдод хар арьст хүмүүс суудлаа тавьж өгөх ёстой бичигдээгүй хууль үйлчилж байжээ. Роза энэ бүхнийг сөрж Мартин Лютер Кинг хөдөлгөөний эхийг тавьсан эрэлхэг бүсгүй юм. Тэрбээр амьдралын бүхий л он жилүүдийг энэ тэмцлийн дунд өнгөрөөжээ.
8
ДИАНА ГҮНЖ Диана гүнж нь 2002 онд BBC-ийн явуулсан санал асуулгаар түүхэн дэх Британийн нөлөө бүхий 100 эрхмийн гуравдугаарт жагсаж байжээ. Диана гүнж тэсрэх бодис үйлдвэрлэлийн эсрэг эрчимтэй тэмцэгч нэгэн байсан. Диана амьдралаа өөрийн хүүхдүүд болон буяны үйлсэд зориулж олон буяны сангийн хүчтэй дэмжигч байсан төдийгүй гэр оронгүй, ДОХ-оор өвчилсөн хүмүүс, хүүхдүүдтэй ажилладаг байсан юм. Тэрбээр дэлхий дээрх өөрийнхөө үеийн эмэгтэйчүүд дотроос хамгийн алдартай нь болж чадсан бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүд дотор их нэр хүндтэй болж улмаар түүнийг "Хатан хааны зүрх" гэж нэрлэдэг байжээ. Дэлхийн олон хэл дээр Дианагийн тухай номнууд бичигдсэн. Түүний найз нөхөд болон хамтран ажиллагсдын хэлсэн үг дурсамжууд мөн баримтат кинонууд байдаг. “Диана бол жинхэнэ гүнж байсан юм” гэж түүнийг хүмүүс дурсан санадаг байсан бөгөөд энэ ганцхан өгүүлбэр л Дианагийн амьдралыг өгүүлэх мэт.
9
ВИЛЬМА РУДОЛЬФ. АНУ-ын хөнгөн атлетикч байв. Тэрээр 1960-д онд дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гэгдэж байлаа. Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод тэрээр нэг олимпийн наадмаас хөнгөн атлетикийн төрөлд гурван алтан медаль хүртсэн анхны америк эмэгтэй тамирчин болжээ. Түүний ачаар эмэгтэйчүүдийн хөнгөн атлетик АНУ-даа олны анхаарлыг татсан, нэр хүндтэй төрөл болж чадсан юм. Тэрбээр мөн иргэний болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч байлаа. 1960 оны Ромын олимпоос тодорсон ойрын зайн гүйгч түүнийг дэлхийн хамгийн хурдан эмэгтэй, "торнадо" хэмээн хочилж байв. Италичууд түүнийг (Хар гөрөөс), Францчууд (Хар сувд) гэж дуудаж байв. Вильма 22 хүүхэдтэй ядуу айлын 20 дахь нь болж мэндлэхдээ 2 кг жинтэй, дутуу төрсөн аж. 4 настайдаа улаан эсэргэнэ, хатгаа өвчин тусч, үүний улмаас зүүн хөл нь саажиж, алхах чадваргүй болжээ. Гэр бүлийнхэн нь түүнд уйгагүй эмчилгээ хийлгэснээр Вильма цоо эрүүл болж хожмоо хамгийн хурдан эмэгтэй болж чаджээ.
10
КОНДОЛИЗА РАЙС. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч бага Бушийн хоёр дахь засаг захиргааны үед АНУ-ын 66 дахь Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдож байв. Райс африк-америк гаралтай АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд африк-америк гарлынхаа хувьд өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Колин Павелийн дараа орох юм. Түүнчлэн Маделине Ольбрайтын дараагийн хоёр дахь эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга аж. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ажлын эхэнд хувьсан өөрчлөгдөг дипломат бодлого санаачилж, Ойрх Дорнодын бүс нутагт ардчилал бий болгох үйл явцад анхаарлаа хандуулж эхэлжээ. Түүний энэ бодлого Саудын Араб, Египет зэрэг орны төр барих удирдлагын тогтолцоонд ихээхэн нөлөөлж, АНУ ардчилсан үзэл баримтлал бүхий Засгийн газруудад дэмжлэг үзүүлэх болжээ. Бага Бушийн засаг захиргаа албан үүргээ хүлээлгэн өгсний дараа улс төрөөс хөндийрсөн Райс 2009 оны гуравдугаар сард Стэнфорд их сургуульдаа улс төрийн шинжлэх ухааны профессороор эргэн иржээ.
11
БИЛЛИ ЖИН КИНГ Билли Жин Кинг нь АНУ-ын теннисчин юм. Тэрбээр спортын замналдаа Их Дуулгыг ганцаарчилсан төрлөөр 12, эмэгтэй хос төрлөөр 16, холимог хос төрлөөр 11 удаа хүртжээ. Кинг нь спорт, нийгэм дэх хүйсийн ялгавартай байдлын эсрэг тэмцэгч байлаа. Тэрээр 1973 онд Вимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга асан Бобби Риггсийг "Хүйс хоорондын тулаан"-д буулган авч эмэгтэйчүүдийг дорд үзэх хүйсийн үзлийг өөрийн хожлын бөмбөгөөр “бут” цохисон нэгэн юм. Кинг нь Эмэгтэйчүүдийн Теннисний Холбоо, Эмэгтэйчүүдийн Спортын Сан болон Дэлхийн Багийн Теннисийг (сүүлийнхийг нь хуучин нөхөр Лоуренс Кингийн хамт) үндэслэсэн билээ.
12
II ЭЛИЗАБЕТ Элизабет Александра Мэри 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн. Тэрбээр 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. II Элизабет 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Тэрбээр өөрийн эцэг Ван VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард долоон улсын хаан ширээнд заларсан. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломон Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг албан бусаар Хамтын Нөхөрлөлийн хаанчлалын бүс гэдэг бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж тооцвол 129 сая хүрнэ. Тэгэхээр II Элизабет хатан хаан нь язгууртан гаралтай нөлөө бүхий өнөө цагийн хамгийн алдартай эмэгтэй болж байна.
13
КЭТРИН ХЕПБЁРН Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин. 60 гаруй жил Холливүдын тэргүүлэх зэргийн эмэгтэй жүжигчин гэгдсэн Кэтрин Хепбёрн дөрвөн "Оскар"-ын эзэн бөгөөд энэ амжилтыг нь өдгөө хэн ч эвдээгүй байна. Кэтрин 1999 онд Америкийн кино институтээс гаргасан "Бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг эмэгтэй од" жагсаалтыг тэргүүлсэн. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагийн амжилтаас гадна хувь хүний байгаа байдал нь олон шинэ хэв загварыг бий болгож байсан нөлөө бүхий жүжигчин байжээ. Хамгийн энгийн жишээ гэхэд Кэтрин бүсгүйчүүд яг эрчүүдтэй адил өмд өмсөх эхлэлийг тавьсан нэгэн аж. Өмд өмсөх хэв загварыг урлагийн тайзнаа хүртэл аваачсан түүний энэ мода орчин үеийн бүсгүйчүүд өмдийг чөлөөтэй өмсөх болсон шалтгааны эх үндэс болсон гэж хэлж болно.
14
МАДОННА. Түүний ээлж дараалан гаргасан бүхий л цомгууд нь дууны бичилт, хөгжмийн хэмнэл зэргээрээ ихэд онцгойрон нэрд гарч байсан бөгөөд бэлэн болсон уран бүтээлээ клипжүүлсэн хойно нь ч бүр илүүтэйгээр алдаршуулж байсан юм. Мадонна дэлхий даяар цомгоо 300 сая хувиар борлуулснаараа «Гиннессийн дээд амжилтын ном»-онд бичигдсэн байдаг. Мадоннагийн урлагийн оргил үе нь хэдий өнгөрсөн ч ашиг, орлогоороо уран бүтээлчдийг тэргүүлсээр байна. Тухайлбал 2013 онд гэхэд тэрбээр Америкийн хамгийн өндөр ашиг орлоготой ажилласан уран бүтээлчээр шалгарсан юм. Үүнд түүний аялан тоглолтын орлого ихээхэн нөлөөлсөн байна. Мадонна уран бүтээлээс гадна үнэртэн, хувцас загварын бүх л салбарт нөлөөллөө бий болгожээ. Өнөө цагт Мадонна шиг дэлхий дахинаа нэр хүндээ мандуулсан “гал халуун” уран бүтээлч ховор юм.
15
ХЕЛЕН КЕЛЛЕР. Сурган хүмүүжүүлэгч, нийгмийн халамжийн зүтгэлтэн юм. Тэрбээр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байсан ч түүнийгээ даван туулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол, нийгмийн халамжийн талаар ихийг хийж бүтээжээ. Хелен 1882 онд буюу 19 сартайдаа хүнд өвчин тусч, эмч нарын хүчээр амийг нь аварсан боловч хараа, сонсголын чадвараа алдсан байна. Хелен 1900 онд Радклифф их сургууль (өдгөө Харвардын их сургууль)-д элсэн орж, 1902 онд "Миний амьдрал" номоо хэвлүүлж, 1904 онд их сургуулиа дүүргэж, нийгмийн ухааны зэрэг хүртжээ. Улмаар 1909 онд Социалист намд гишүүнээр элсэн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд төрүүлэхийг хязгаарлах, тэгш эрхийн хөдөлгөөнүүдэд оролцож эхэлсэн байна. Түүний хөдөлмөрч, сэтгэлийн хаттай, тууштай занг үнэлэн Францын засгийн газраас Хүндэт Легионы одонгоор шагнаж байжээ.
16
КОКО ШАНЕЛЬ Францын нэрт дизайнер “Chanel” брэндийг үндэслэгч Коко Шанель 1883 оны 8-р сарын 19-ны өдөр мэндэлсэн юм. Тэрээр “Time” сэтгүүлийн “Зууны хамгийн чухал 100 эрхэм”-ийн нэгээр шалгарсан юм. Коко Шанель эмэгтэй хувцасны орчин үеийн хэв загварыг тодорхойлон гаргаж өгснөөрөө загварын түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгэн. Түүний “Царай муутай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг” гэсэн эшлэл одоо ч бүсгүйчүүдийн хэлэх дуртай үг юм. Тэрээр XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүнийн нэгээр нэрлэгдсэн гэж дээр дурдсан бөгөөд энэхүү жагсаалтад бүртгэлтэй цорын ганц загвар зохион бүтээгч юм. Түүний үүсгэн бий болгосон брэнд өнөөдөр хувцас загвар, цүнх, үнэртэн гээд гоо сайхан гоо зүйн бүх л салбарт хүчтэй нөлөөлөл үзүүлсээр байна.
17
АННЕ ФРАНК Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг өсвөр насныхан төдийгүй насанд хүрэгчдийн заавал унших ёстой номын тоонд оруулдаг. Анне Франк богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин юм. Тэрбээр 15 насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан еврей охин. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн II дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн билээ. Ирээдүйд агуу зохиолч болохыг хүсэн мөрөөдөж явсан Анне охин үргэлжийн 15 насандаа мөнхрөн үлдэж, бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэлийг нь сая сая хүүхдүүд уншиж, түүний тухай бүрэн хэмжээний хоёр кино бүтээж, мянга мянган шүтэн бишрэгчид нь энэ охины тухай эссе, сэтгэгдлээ бичсээр байна.
18
ФЛОРЕНС НАЙТИНГЕЙЛ. “Гэрэл барьсан эмэгтэй” хэмээн олонд танигджээ. Тэрбээр 1820 онд Италид чинээлэг гэр бүлд төрсөн англи эмэгтэй юм. Тэрбээр дайны үед Турк улсад очин олон хүн шахцалдсан, бохир эмнэлгийг хараад цочирдон эмнэлгийн өрөө тасалгаа, өнцөг булан бүрийг цэвэрлэж, дэвсгэр даавуунуудыг угааж, эрүүл хоол хийгээд зогсохгүй бичиг үсэг мэддэггүй цэргүүдэд захиаг нь бичиж тусалж байжээ. Флоренс бараг унталгүй, цаг үргэлж ажиллаж шөнө болохоор гэрэл барин өвчтнүүдийг эргэж тойрдог байсан аж. Тиймээс л хүмүүс түүнийг “Гэрэл барьсан эмэгтэй” гэж нэрлэх болжээ. Хожим нь тэрбээр Лондонд сувилахуйн сургууль байгуулж мэргэжлийн сувилахуйн ухааны үндэс суурийг тавьсан байна. Мөн тэрбээр статистик мэдээллийн график танилцуулгыг мэргэжлийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн аж. Тухайлбал, Флоренсийн анх санал болгосон дугуй диаграмм өдгөө нийтлэг хэрэглээ болоод байна. Түүнчлэн Флоренс экологийн шинжлэх ухааны үндсийг тавьсан хүний нэг юм.
19
БЕНАЗИР БХУТТО. Лалын шашинтай орнуудаас хамгийн анх эмэгтэй ерөнхий сайдтай болсон нь Пакистан байлаа. Тэр эмэгтэй нь Беназир Бхутто байсан юм. Мөн Беназир Бхутто Пакистаны түүхэнд хамгийн залуудаа ерөнхий сайд болсон хүн юм. Беназир Бхуттогийн засгийн газар нийгэм, эдийн засгийн хүндхэн даалгаварыг амжилттай биелүүлж, Энэтхэг улстай харилцаагаа сайжруулсан байна. Тэрбээр хоёр дахь удаагаа ерөнхий сайд болохдоо ч улс орондоо зоримог шинэчлэл хийж байжээ. Беназир Бхутто Афганистаны Талибан хөдөлгөөний дэмжлэгтэйгээр хар тамхи, мансууруулах бодисийн наймааг таслан зогсоох тал дээр амжилт олж байжээ. Дэлхийд зартай террорист Осама Бен Ладен хүртэл Беназир Бхуттогийн толгойг авч ирсэн хүнд 10 сая америк доллар амлаж байлаа. Сэтгүүлчид Беназир Бхуттог Пакистаны “хар сарнай” гэж нэрлэж байв. 2008 оны арванхоёрдугаар сарын 27-нд Беназир Бхутто цуглаанд оролцож байхдаа алан хядах ажиллагааны золиос болж хүнд шархдаж улмаар амь насаа алдсан юм.
20
МАРИ КЮРИ Мари Кюри польш гаралтай франц физикч, химич эрдэмтэн. Тэрбээр Парисын Их Сургуульд математик, физик, химийн шинжлэх ухаанд суралцжээ. Энд Мари Кюри ирээдүйн нөхөр, хамтран зүтгэгч Пьер Кюритэй танилцаж гэрлэжээ. Тэд радио идэвхт бодисыг хамтран судалж, 1898 оны долоодугаар сард хамтдаа Мари Кюрийн төрөлх нутгийн нэрээр Полони хэмээн нэрлэсэн шинэ радио идэвхт элемент нээжээ. 1898 оны 12 сарын 26-нд эхнэр, нөхөр Кюри тэдний нээсэн хоёр дахь шинэ элемент радио идэвхт Радийг зарлажээ. 1903 онд тэд Нобелийн шагналыг Физикийн шинжлэх ухаанаар хүртсэн юм. 1911 онд Мари Кюри Нобелийн шагналыг Химийн шинжлэх ухаанаар авснаар Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн анхны хүн болоод зогссонгүй хоёр өөр шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн цорын ганц хүн болсон юм.