Өвлийн өвөөгийн түүх

2014 оны 12 сарын 31

Санта-Клаусыг бид улаан дээл малгай, цагаан сахалтайгаар төсөөлдөг болоод удаж. Харин шинэ жилийн бэлгэ тэмдэг энэ өвгөн ийм төрхтэй болсныг мэдэх бил үү. 
1823 оныг хүртэл Санта-Клаус ямар хүн байдгийг хэн ч мэдэхгүй байж. Гэтэл тэр жилийн арванхоёрдугаар сарын 24-нд нэг семинарын багш Кларк Мур эхнэр хүүхдүүддээ зориулан “Шинэ жил ба Санта-Клаусыг угтах нь” гэсэн шүлэг, зохион бичлэг бичиж өгчээ. Эндээ Санта найман буга хөлөглөн давхиж ирээд яндангаар орж ирдэг тухай бичсэн байна. Мур эхлээд үүнийгээ хэвлүүлэхийг төвдсөнгүй гэр бүлийнхээ хүрээнд л уншицгааж. Харин нэг найз нь энэ зохион бичлэгийг нь "Sentinel"сонинд өгсөн байна. 

Ингээд л хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч Сантаг харахыг хүсэх болжээ. Энэ хүслийг 1862 онд зураач Томас Наст биелүүлж Сантагийн анхны төрхийг гарган 24 жилийн  турш "Harper"s Weekly” сэтгүүлийн хавтсанд зориулж зурсан байна.  Зураач Сантагаа хойд туйлд байдаг гэж дүрсэлсэн нь их алдаршжээ. 
Америкийн иргэний дайны үед ерөнхийлөгч Линкольн бүр Настаас Сантаг умардынхантай хамт зурж өгөхийг гуйж байжээ. Үнэхээр ч эсэргүүцэгч талынхан Сантагаас болоод умардынханд ирж  элсч байсан гэж түүхчид баталсан байдаг. Гэхдээ Настын Санта хар цагаан байсан гэдэг.

Өвлийн өвгөнд улаан дээл, малгайг нь 1885 онд хэвлэлийн ажилтан Луис Пранг “өмсүүлжээ”. Тэр америкт анх удаа христийн баярын ил захидал гаргахдаа өвлийн өвгөнийг улаан дээл малгайтай болгон хэвлүүлсэн байна. Ингэж л Санта-Клаус анх өтгөн үстэй захтай улаан дээл, малгайтай, цагаан сахалтай болсон байна. 

1930 онд америкийн хүйтэн ундаа үйлдвэрлэгч компани өөрийнхөө бүтээгдэхүүнийг зөвхөн зун ч биш бас өвөл борлуулахаар нэгэн арга сэджээ. Ингээд ундаагаа христийн мэндэлсэн өдөртэй яаж холбох  вэ гээд бодтол улаан өнгө, цагаан хөөс нь өвлийн өвгөний хувцасыг санагдуулах нь тэр. Үүнээс үүдэн Чикагогийн зураач Хэддон Сандбол шинэ жил бүрээр Санта-Клаусын дүрийг зурдаг болж. 

Үүнээс гадна немцийн зураач Морис фон Швиндт ч бас Сантагийн төрхийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. 140 жилийн тэртээ Моцартын “Фигаро гэрлэсэн нь” дуурийн тайзны чимэглэлд “Ноён өвөл”-ийг дүрслэх хэрэгтэй болж. Тэгээд тэр үслэг захтай дулаан дээл өмссөн өвгөнийг гацууртайгаар дүрсэлж. Дараа нь Мюнхений нэг хошин сэтгүүлд “Өвлийн өвгөний адал явдал” гэдэг цуврал гарсан байна. 


Өөр нэг хувилбараар “Өвлийн өвгөн” бол оросын өвлийн бурхан гэдэг. Эхлээд баатар эр, эр чадалтай дарханы төрхтэй орос эр гол, нуурын усан дээгүүр “төмөр замаар” давхин ирдэг байж. Түүнийг дулаан дээл, шидэт дохиургүйгээр төсөөлөх аргагүй. Ер нь оросын үлгэрүүдэд өвлийн өвгөнийг “Хүйтний өвгөн, Хүйтний Иванович” гэдэг шүү дээ. Оросын хүйтний өвгөн бол христийн баяраар биш харин шинэ жилээр, тэгэхдээ ганцаараа биш цасан охинтойгоо ирдэг. 
Монголчууд ардын хувьсгалын дараа оросын соёлтой танилцаж эхэлсэн тэр үест их зохиолч Д.Нацагдорж 1931 онд анх удаа шинэ жилийг нөхдийнхөө хүрээнд тэмдэглэсэн байдаг. Үүнээс дараахан оросуудыг дуурайн өвлийн өвгөн “ирүүлдэг” болсон байна. Гэхдээ “Хүйтний өвгөн”-ийг монгол дээл хувцастайгаар төсөөлөн 70-аад жил явсан билээ. 

Хаанаас хэзээ яаж “мэндэлсэн” нь хамаагүй, хүүхэд төдийгүй насанд хүрэгсдийн ч хүсэн хүлээдэг шинэ жилийн баярын хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөсөн мөч нь өвлийн өвгөн, Санта-Клаус ирж хүүхэд багачуудад бэлгээ тараах л байдаг билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14919
0 эможи
keyboard_arrow_up