Ц.Оюунгэрэл гишүүн Н.Айшолпаныг хүлээн авч уулзав
Соёл, спорт, аялал жуучлалын сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийн санаачилгаар Н.Айшолпаныг хүлээн авч уулзлаа.
Сонирхуулахад, Баян-Өлгий аймгийн казах охин, 13 настай Н.Айшолпан бүргэдийн анчин гэдгээрээ дэлхий нийтэд алдаршиж байна. ВВС агентлаг түүний бүргэдтэй байгаа гэрэл зургийг онцолж байсан удаатай билээ.
Тэрээр Монголд тавдахь удаагаа ирж байгаа бөгөөд гуравдахь удаагаа Н.Айшолпан охины зургийг авч байгаа гэнэ. Хэдийгээр энэ нь Монгол руу ирэх жуулчдын сонирхлыг татаж байгаа ч алс баруун хязгаарт суугаа охины аж амьдрал гадаадын дурын иргэнд ихээхэн мөнгө болж харагджээ. Учир нь, өнгөрсөн жил ирсэн Израилийн зурагчин Ашэр энэ жил Монголд дахин ирсэн аж. Тэрээр энэ удаа нэгэн башир арга сүвэгчилсэн нь англи хэл огт мэдэхгүй, ямар нэгэн гэрээ хийж байсан туршлагагүй Н.Айшолпан охины гэр бүлийнхэнтэй хүний санаанд буумгүй нөхцөл бүхий гэрээ хийхээр ирж. Гэрээний ерөнхий агуулга нь Н.Айшолпан охины амьдралын түүхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон кино, баримтат кино зэрэг арилжааны сувгаар цацах эрхийг тэр гэрэл зурагчин эзэмших тухай. Мөн охины тухай кино хийж, түүндээ тоглуулах, киноны дүрсээ өөр арилжааны аргуудаар ашиглаж болох эрхийг ч тэр өөртөө авч. Харин энэ бүхнийхээ төлөө ганцхан ам.доллар өгөхөөр гэрээнд бичиж, 13 настай охиныг төлөөлүүлж, ааваар нь гарын үсэг зуруулсэн гэх мэдээлэл ч гарсан юм.