”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг МАН-ын Удирдах зөвлөлөөс хөөж магадгүй боллоо
"Монгол тулгатны 100 эрхэм" хэмээх нэвтрүүлэг олон нийтийн анхаарлыг ихээхэн татах болсон. Харамсалтай нь энэ нэвтрүүлэг сүүлийн үед жаахан улс төрийн өнгө аяс агуулах болсон нь олон улс төрчдийг ч бухимдуулж эхэлжээ. Хамгийн сүүлд Н.Энхбаяр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт орохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Нямдорж гэх мэт олон улс төрчдийг элдвээр хэлсэн. Тийм учраас МАН дотор нэгэн яриа гарч эхэлжээ. Уг нэвтрүүлгийг хөтлөгч П.Анужин нь МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн аж. Тийм байж МАН-ынхаа нөлөө бүхий гишүүдийн эсрэг нэвтрүүлгийг бэлтгэж олон түмэнд түгээж байгаа нь намын дүрэм зөрчиж байна гэж үзэх болжээ. Тэр ч бүү хэл уг нэвтрүүлгийг санхүүжүүлэгч гэж ярих болсон Х.Баттулгатай нийлэн зориуд МАН-ынхаа гишүүд рүү дайрах болсон гэсэн гомдол гарч эхэлсэн байна. Иймэрхүү дэл сул яриа ихээхэн газар авч П.Анужин МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн байх ёс суртахууны эрхгүй. Уран бүтээлээ хийгээд явна биз дээ. Нэг намын Удирдах зөвлөлийн гишүүн байж гишүүдээ өөр намын хүмүүстэй нийлээд элдвээр гүтгэсэн юм гаргаад байх нь эрүүл үзэгдэл үү гэсэн дүгнэлтүүд гарах болоод удав. Ийм гомдлууд ч МАН-ын Хяналтын ерөнхий хороонд очиж байгаа сураг гарлаа.
Хамгийн сүүлд С.Баяр ярилцлагад орохдоо "Намайг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт уриад 2 жил болж байна. Нэгд, би Монгол түмний 100 эрхэм мөн ч билүү? Хоёрт, надаас өмнө орох ёстой олон сайхан хүмүүс байна. Тэднийг ороогүй байхад, би орох нь зохимжгүй. Энэ нэвтрүүлэг түүхэн хүний үйл хэрэг амьд яриаг хойч үедээ үлдээх зорилготой гэж ойлгодог. Гэвч Н.Энхбаяр даргын нэвтрүүлгийг үзээд гайхсан. Ийм нэвтрүүлгээр тулга тойрсон яриа ярьж байгаагаараа хойч үедээ түүхэнд үлдэх юм байхдаа гэж бодсон. Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн 100 эрхэм нэвтрүүлэгт орж намайг олон хүмүүстэй яланд унагачихлаа. Намайг “Тавантолгой”-той холбож ноцтойгоор гүтгэсэн. Ерөнхийлөгчийн ярьсан үнэн эсэхийг эрэн сурвалжлагч сэтгүүлчид сайн шалгаарай. Үнэн бол би ял хүлээхэд бэлэн байна. Худлаа бол шалгаж тогтоолгомоор байна. Ийм мундаг нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс төрийн тэргүүн байсан хүнийхээ мэдээгээр орох хэмжээний юмыг гаргасан. Тиймээс төрийн тэргүүн байсан хүний худлаа үгийг түүж аваад нэвтрүүлэг хийж байгаад их харамссан. Ерөнхийлөгчийнхөө дүр төрхийг л хойч үедээ үлдээх ёстой байсан. Бухимдсан яриаг нь түүж аваад хийж байгаа нь алдчихав уу даа гэж бодсон" хэмээн байр сууриа илэрхийлсэн. С.Баярын энэ ярианаас дүгнэж үзвэл "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийнхэн Н.Энхбаярын амьдрал үйл хэргийг харуулсан том зургийг гаргахын оронд бухимдсан яриа, гүтгэлэгийг нь түүж аваад олон хүний нэр төрд халдсан нь улс төрийн зорилготой байсан гэдгийг сануулж байна. Тиймээс зарим зүйлийг шалгуулах болно гэдгээ ч хэлэв. Мөн уг нэвтрүүлгийн мөрөөр Тавантолгойтой холбоотой асуудлын үнэн худлыг дэнсэлхийг сэтгүүлчдээс ч уриалав.
Ерөнхийдөө уран сайхны өндөр түвшинд хийгддэг энэ нэвтрүүлэгт Н.Энхбаяр орсон нь олон асуудал дагуулахаар боллоо. Нэгдүгээрт "Монгол тулгатны 100 эрхэм" улс төрждөг, хов сенсааци хөөсөн нэвтрүүлэг гэсэн ойлголтыг олонд төрүүлэв. Хоёрдугаарт, хөтлөгч П.Анужинг нь МАН-ын Удирдах зөвлөлөөс хөөж магадгүй байдалд хүргэв. Гуравдугаарт "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг Х.Баттулгын оролцоотой хийгддэг гэсэн яриаг эрчимжүүлэв. Дөрөвдүгээрт, энэ нэвтрүүлэг улс төржөөд байвал С.Баяраас эхлээд олон хүн орохгүй гэж ил тод илэрхийлэх болов. Н.Энхбаяр уран бүтээлчдийн өмнө ийм гайтай замуудыг тавьж өглөө.