Дуугаа булаалгасан С.Сэрчмаа залуу үеийнхэндээ гомдож, мэдэгдэл гаргалаа
Гэр бүлийн амьдралын стресс юугаан умартаж, уран бүтээлдээ эргэн ороод байгаа СТА, дуучин С.Сэрчмаа ажлынхаа хажуугаар хөтлөгч Р.Нямбаяртай хамтран “NB & Sally” шоу нэвтрүүлэг хийдэг билээ. Тэрбээр хөтлөгч залуугийн сүйт бүсгүй болох мисс Б.Ганболорын зохиосон хоёр ч дууг амилуулан, сонирхолтой клип хийлгэж үзэгч олондоо хүргэсэн. Мөн өөрийн байгуулсан “Sally” продакшиныхаа үйл ажиллагааг тун идэвхтэй явуулж байгаа дуучин бүсгүй өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан рок попын залуу уран бүтээлчдэд хандсан мэдэгдэл гаргажээ.
Энэхүү мэдэгдэлдээ С.Сэрчмаа “Дуучин Ч.Цэлмүүн болон “Нэгэн зүгт” хамтлагийн С.Заяа нарын дуулсан “Шинэ жил ирлээ” дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч, дуучнаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй юм. Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан байна. Тиймээс энэ бүхэн цаанаа ямар нэг ашиг сонирхлоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж, шинэлэг юм хийхгүй, хүний дууг булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна” гэж бичсэн байна.
Уран бүтээлчид шинэ жилийн баяр, улсын наадам, найр хуримд зориулсан дуунуудаараа “халтуур” хийж, халаасаа зузаатгадаг нь үнэн. Тиймдээ ч шинэ жилийн баяр ойртож буй энэ үед залуу дуучид сонсогч түмний сэтгэлд зүрхэнд хоногшсон хит дуунуудыг хуулбарлан дуулж, энэ мэт хэл аманд орооцолдох нь ихэсчээ. Ямар нэгэн баяр дөхөхөөр л хэдэн дуучид маань өөр хоорондоо хэрүүл хийж, хэн нэгний дууг булаацалдах юм даа.