Гацуур модны түүх
Шинэ жил, Зул сарын баярыг тансаг чимэглэлтэй мөнх ногоон гацуургүйгээр төсөөлөх аргагүй юм. Тэгвэл гацуур мод чимэглэх уламжлал анх хаанаас гарсан талаар та бүхэндээ хүргэж байна.
Гацуур мод эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Хүмүүс зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө эртний Египетчүүд арванхоёрдугаар сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж, гэртээ далдуу модны ногоон навч авчирдаг байлаа.
Ромчууд өвлийн баяраар газрын бурхнаа магтан дуулж орон гэрээ ногоон навчаар чимдэг байжээ.
Мэргэч төлөгчид царс модны мөчирт алтан алим өлгөдөг байсан аж. Дундад зууны үед улаан алим өлгөсөн мөнх ногоон мод арванхоёрдугаар сарын 24-нд тэмдэглэдэг. Адам, Евагийн баярын бэлэг тэмдэг болдог байв. Зул сарын модны тухай анхны бичвэр 16 дугаар зуунд хамааралтай. Германы Страсбург хотын иргэд өвөл цагт гацуур модыг өнгийн цаас, жимс, ногоогоор чимдэг байж. Удалгүй энэ уламжлал Европ даяар тархжээ.
Харин Англид уг уламжлал гуравдугаар Георгийн эхнэр Герман гүнжийн ачаар орж ирсэн юм.
Тэрбээр Английн хаан ордны анхны гацуурыг зассан билээ. Тэгвэл 1840 онд Винзорт хатан хаан Виктория, Герман нөхөр Алберт Кобургскийн хамт хүхүүдэд зориулж гацуур зассан байна.
ОХУ-д зул сарын гацуур мод 1840-өөд оны үед дэлгэрсэн аж. АНУ-д энэхүү уламжлалыг Германы цагаач иргэд авчирсан гэдэг. 1804 онд Дирборн буюу одоогийн Чикаго хотод бэхлэлтэд байсан Америк цэргүүд Зул сарын баяраар зэргэлдээх ойгоос гацуур огтлон авчирчээ.
Гацуур мод моодонд улам орж, Америкийн өнцөг булан бүрт дэлгэрэх боллоо. Вильямсбург, Виржини, Чарльз Миннегрод хотод 1842 онд мод чимэглэх эд зүйл худалдаалж эхэлсэн бол 1851 онд Марк Карр гэгч эр Нью-Йоркийн гудамжинд хоёр тэрэг дүүрэн гацуур мод авчирч наймаалсан нь АНУ-ын түүхэнд анх удаа гацуур мод худалдсан явдал юм.
Тус улсын 14 дэх Ерөнхийлөгч Ф.Пирс Цагаан ордонд Зул сарын гацуур мод засах уламжлалыг нэвтрүүлсэн аж.
Ерөнхийлөгч К.Кулиж 1923 онд жил бүрийн Зул сарын баяраар Цагаан ордны урд талбайд болдог баярын гацуур модыг гоёж, гэрэлтүүлэх ёслолын ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн байна. 1966 оноос өнөөг хүртэл Зул сарын гацуур модны Үндэсний Нийгэмлэг хамгийн сайхан модыг Цагаан ордонд авчирч, цэнхэр өрөөнд залдаг болов. Мөн гацуур мод Мусульман шашинтай орнуудад ч нэвтэрч амжжээ. Жишээлбэл: 1960-аад орны үед Ираны нийслэл Тегеран болон Марокко улсад гацуур чимэглэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Туркэд гацуур мод засаж байсан боловч ой модыг хамгаалах зорилгоор 1936 онд К.Ататюрк хориг тавив.
Гацуур ургадаггүй зарим улсад баярын модыг өөр модоор орлуулдаг аж. Яагаад шинэ жилээр гацуур модыг чимэглэдэг болсон талаар олон таамаг бий. Зарим нь гацуурыг ид шидтэй мод хэмээн үздэгээс болсон гэлцдэг ба өргөс нь муу зүйл, чөтгөр, шулмын халдлагаас хамгаалдаг гэж үздэг. Харин Герман эрдэмтдийнхээр бол хүмүүс өмнө нь гэртээ өөр төрлийн жимст модны мөчрийг усанд хийж тавьдаг байжээ. Зул сарын баяраар мод нь цэцэглэх ёстой аж. Гэтэл заримдаа цэцэглэж чадахгүй тохиолдол гардаг /энэ нь муугийн тэмдэг/ байснаас түүнийг мөнх ногоон гацуур модоор сольсон гэдэг. Бас нэг таамаглал нь үр жимсээрээ гоёж, боловсорч гүйцсэн гацуур модыг Библийн сударт "Диваажингийн мод" гэж нэрлэсэнтэй холбоотой байж магадгүй юм.