Үхлийн дараах ертөнцийн тухай “шилдэг - 10” кино

2014 оны 11 сарын 19

Хорвоо дээрх амьдрал эцэслэсний дараа биднийг угтах өөр ертөнц гэж үнэхээр байдаг болов уу? Хүн бүр энэ талаар өөр өөрийн төсөөлөл, үзэл бодолтой байдаг байх.
Ямартай ч хэн бүхний сонирхлыг татсан энэ сэдвийг хөндсөн ном зохиол, дэлгэцийн уран бүтээл олныг дурдаж болох юм. Мөн заримыг нь бодит түүхээс сэдэвлэсэн гэх нь ч бий.

Кино ертөнц булангийн ээлжит нийтлэлээрээ та бүхэнд үхлийн дараах ертөнцийн тухай өгүүлэмжээр дамжуулан амьдралын утга учрыг дахин эргэцүүлэх сэдэл өгөхүйц, сэтгэлийн нандин утсыг хөндөж чадахуйц шилмэл 10 киног танилцуулж байна.

“Heaven Is For Real” (2014)
Бодит түүх буюу дөрвөн настайдаа хүндээр өвдөж, үхэл амьдралын заагт тулж ирсэн хүүгийн нөгөө ертөнцөөр аялсан хэсэгхэн аяллын талаар өгүүлдэг “Heaven Is For Real” хэмээх номноос уг киног сэдэвлэн бүтээжээ. Сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан бяцхан хүү ухаан орсныхоо дараа Есүс Христ болон Гэгээн Мария эхийг харсан тухайгаа ярьжээ. Түүгээр ч зогсохгүй аав ээжийнх нь л хоорондын нууц болох хорвоод мэндлээгүй нас барсан охин дүүтэйгээ хүртэл уулзсан нь тэднийг ихээхэн цочирдуулсан байна. Энэ киног үзснээр танд үнэхээр эцсийн амьсгалаа авсны дараа биднийг юу угтах бол гэсэн бодол төрөх нь гарцаагүй.

“Ghost” (1990)
Романтик, уянгын хэрнээ гэмт хэрэг, аймшгийн адал явдалт өрнөлийг гайхалтайгаар хослуулж чадсан цөөн хэдэн киноны нэг бол “Ghost” юм. Тус киноны гол дүрд Деми Мур, Патрик Суэйзи ба Вупи Голдберг нар тоглосон бөгөөд Мурын нас барсан нөхөртэйгөө холбоо тогтоохоор туйлын их хичээл зүтгэл гаргаж буй сэтгэл хөдөлгөм үйл явдлыг өгүүлдэг. Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан “Ghost” кино $500 сая ам долларын орлого олж тухайн үеийнхээ хамгийн эрэлттэй киногоор шалгарч байжээ. Харин киног бүтээсэн өртөг нь ердөө $22 сая ам.доллар аж.

“The Sixth Sense” (1999)
Найруулагч Найт Шьямаланы найруулсан “The Sixth Sense” киног мэдэхгүй хүн ховор байх. Бяцхан авьяастан Хэйли Жоэл Осмент уг кинонд үхэгсдийн ертөнцийг хардаг өвөрмөц чадвартай хүүгийн дүрийг бүтээдэг. Харин жүжигчин Брюс Уиллисийн бүтээсэн сэтгэл зүйч докторын дүр хүүд туслахын тулд хүчин чармайлт гаргана. Хэрэв та энэ киног үзэж амжаагүй бол заавал үзэхийг зөвлөе.

“Five People You Meet In Heaven” (2004)
“Five People You Meet In Heaven” киног зохиолч Митч Альбомын номноос сэдэвлэн бүтээсэн. Энэхүү кинонд нэгэн охиныг ослоос авраад өөрөө амиа алддаг настай эрэгтэйн тухай гардаг. Золгүйгээр амиа алдсаныхаа дараа тэрээр диваажинд дэлхий дээр уулзаж байсан таван хүнтэй уулздаг. Тэр таван хүн түүнд амьдралын жинхэнэ утга учрыг ойлгуулахаар түүн рүү илгээгдсэн хүмүүс байжээ. Киноны гол дүрийг жүжигчин Жон Войт чадварлагаар бүтээсэн байна.

“The Lovely Bones” (2009)
Хоббитын цуврал киног хийсэн найруулагч Питер Жексон “The Lovely Bones” киног найруулжээ. Чамлахааргүй сайн уран бүтээл болсон энэхүү кинонд Марк Уолберг, Сирша Ронан, Стенли Туччи болон Сьюзан Сарандон зэрэг алдартнууд дүр бүтээсэн юм. Киноны гол үйл явдал нь гаж донтонд хүчирхийлүүлж амиа алдсан охины сүнс дэлхий ба нөгөө ертөнцийн хооронд оршин буй хэсэг хугацааг харуулдаг. Охин нэг бол тодорхойгүй нөхцөл байдалд гэр бүлийхнээ хажуугаас нь харж суух, эсвэл диваажин руу бүхнийг орхиод нэг мөсөн одох гэсэн хэцүүхэн сонголттой тулгарна. Сэтгэл зүрхийг догдлуулсан “The Lovely Bones” кино Алтан бөмбөрцөг, Оскар зэрэг хэд хэдэн шагнал хүртсэн шилдэг бүтээл билээ.

“Charlie St. Cloud” (2010)
Ах дүүсийн бат бөх харилцааг үхэл ч салгаж чадахгүй гэдгийг харуулахыг зорьсон уг киноны гол дүрийг жүжигчин Зак Эфрон бүтээжээ. Ослоор амиа алдсан дүүтэйгээ цаг ямагт ойр байхаа амласан сайн ахын тухай өгүүлэх “Charlie St. Cloud” киноны үйл явдал маш сонирхолтой. Ах нь дүүгийнхээ шарилыг үргэлж эргэж тойрч байхын тулд тэтгэлэгт сургуульд сурахаасаа хүртэл татгалздаг. Ийнхүү өдөр хоног өнгөрсөөр тэрбээр найз охинтой болох бөгөөд дүүтэйгээ үлдэх үү эсвэл хайртай бүсгүйтэйгээ шинэ амьдралаа цогцлоон бүтээх үү гэсэн хэцүүхэн сонголттой тулгарна.

“Meet Joe Black” (1998)
Жүжигчин Брэд Питтэд боксчин, цэрэг, зодоонч гээд тоглож үзээгүй хатуу ширүүн дүр байхгүй. Харин энэ кинонд тэрбээр маш энхрий зөөлөн, царайлаг сахиусан тэнгэрийн дүрийг бүтээжээ. Түүнчлэн хосгүй чадварлаг жүжигчин Энтони Хопкинс тус кинонд тэрбумтан эцгийн дүрийг бүтээсэн байна. Түүний бага охинтой хайр сэтгэлийн холбоотой байсан Брэд Питт нас барсныхаа дараа киноны өрнөлийг хэрхэн өөрчлөхийг үзээрэй.

“Awake” (2007)
Жүжигчин Жессика Альба, Хейден Кринстенсен болон Терренс Ховард нарын тоглосон сэтгэлзүйн триллер жанрын “Awake” кино 2007 онд нээлтээ хийсэн билээ. Киноны гол утга санаа нь Кристенсений өөдгүй найз бүсгүй эмч нартай үгсэн хуйвалдаж нөхрийнхөө амийг мэс заслын үеэр бүрэлгэхээр төлөвлөсөн тухай өгүүлдэг. Зүрхний хагалгааг хийж эхлэх үед хагас мэдээтэй байгаа залуу үхэл амьдралын зааг дээр орших бөгөөд эргэн тойрны хүмүүс түүнд хэрхэн хүн чанаргүй хандахыг харж гүн цочролд ордог. Эхлэл төгсгөл хоёр нь газар тэнгэр шиг ялгаатай энэхүү сонирхолтой киног амралтын өдрөөрөө тухлан үзэхэд хамгийн тохиромжтой.

“What Dreams May Come” (1998)
Инээдмийн дүрээрээ бидний сэтгэлд тодоор үлдсэн алдарт жүжигчин Робин Уильямс ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн явдал дэлхийн кино урлагт томоохон гарз хохирол болсон билээ. Түүний тоглосон гайхалтай уран бүтээлүүдийн нэг бол үхлийн дараах ертөнцийн талаар өгүүлдэг “What Dreams May Come” кино юм. Мөн тус кинонд жүжигчин Куба Гудинг хамтран тогложээ. Тэрээр нас барсныхаа дараа өөр ертөнцөд замаа олохоор хичээх ба эхнэрийнхээ амиа хорлосон талаар сонсож эрэл сурал болдог. Энэхүү кино “хамгийн шилдэг зураглал” гэсэн номинациар Академийн шагнал хүртжээ.

“Just Like Heaven” (2005)
Риз Уизерспун бол Жулия Робертс, Сандра Буллок нараас дутахааргүй үзэгчдийн хайрыг татсан, нүдэнд дулаахан төрхтэй жүжигчин билээ. “Just Like Heaven” кинонд тэрбээр нэгэн ганцаардмал залууд дурласан сүнсэн биет бүсгүйн дүрийг бүтээдэг. Харин дурлалт залуугийнх нь дүрд жүжигчин Марк Руффало тоглосон юм. Романтик бөгөөд инээдмийн төрлийн уг кино үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн бүтээл болж чадсан билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12343
1 эможи
keyboard_arrow_up