Хамгийн хүнд хэцүү амьдралыг туулж алдрын “оргилд хүрсэн - 10” алдартан

2014 оны 11 сарын 06

Арван хуруу тэгш хүн гэж энэ хорвоод байдаггүй. Хүн бүхэн л өөр өөрийн хувь тавилангаар амьдрахдаа ухааны цараа, сэтгэлийн хатаараа саад бэрхшээлийг даван туулж хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцдэг билээ.

Та бидний сайн мэдэх зарим алдартнууд ч ялгаагүй алдаж эндэж, амьдралын хатуу хөтүүг туулж явсан нь бий. Ингээд уншигчиддаа хамгийн хүнд хэцүү амьдралаас амжилтын оргилд хүрч чадсан 10 алдартныг танилцуулъя.

ШАНАЙЯ ТВЕЙН

Канадын кантри дуучин Шанайя Твейний бага нас тийм ч дардан байгаагүй ажээ. Түүнд хоосон хонох өдөр цөөнгүй байсан ч үүнийгээ үргэлж нуудаг байжээ. Учир нь “Хүүхдийн эрхийг хамгаалах төв”-ийн ажилтнууд энэ тухай мэдээд түүнийг эцэг эхээс нь салгахвий гэхээс эмээдэг байсан гэнэ. Шанайя гэрийнхэндээ туслахын тулд орой болгон цэнгээний газарт дуулдаг байсан нь 5 удаагийн “Грэмми” шагнал хүртсэн уран бүтээлч болохынх нь эхлэл болсон аж.

ЖУЭЛ

Дуучин Жуэл Аляска мужийн Хомер хэмээх жижигхэн хотод гэр бүлийн хамт аж төрдөг байжээ. Тэднийх мөнгөний боломж муутайгаас усны хоолой холбуулаагүй бөгөөд Аляскийн хүйтэн өвөл гадаа жорлонд бие засч, ус зөөх гэдэг амаргүй байсан нь тодорхой. Тэрбээр аавынхаа хамт цэнгээний газруудад цомхон хэмжээний тоглолт хийж амьдралаа залгуулдаг байжээ. Жуэл 16 настайгаасаа дуу зохиож эхэлсэн бөгөөд Калифорни муж руу нүүж машинд амьдрахын зэрэгцээ гудамжинд тоглолт үзүүлж алдрын гараагаа эхэлсэн гэдэг.

АРНОЛЬД ШВАРЦЕНЕГГЕР

Агуу Арнольд Шварценеггер бол кино урлаг, улс төр, хувийн бизнес гээд бүх зүйлд шилдэг нь байж чаддаг хүн юм. Тэрбээр Австри улсад жирийн гэр бүлд төрж өссөн ч өөрийнхөө гараар амьдралаа босгохоор зориглож АНУ-ыг зорьсон түүхтэй. Тэр үед Арнольдод юу ч байгаагүй хэдий ч тоосгоны бизнес эхлүүлж, бодибилдингийн тамирчны мэргэжил ч эзэмшжээ. Үүний дараа кино урлагт хөл тавьж “Терминатор” нэрээрээ алдаршсаныг дэлхий нийт мэдэх билээ.

МАРК УОЛБЕРГ

Жүжигчин, продюсер, реппер Марк Уолберг нийгмийн доод давхаргын гэр бүлээс гаралтай. Хүнд бэрх өдрүүдийг туулахдаа алдаж эндэх үе ч түүнд олон байсан бөгөөд 13 настайдаа хар тамхи хэрэглэж цагдаагийн газарт саатуулагдсан удаатай. Мөн 15 насандаа хүн амины хэрэгт холбогдож 2 жилийн ял хүлээжээ. Энэ бүхний дараа тэрбээр амьдралаа цоо шинээр эхлэхээр зориг шулуудсан байна. Марк уран бүтээлчийн гараагаа хөгжмийн салбараас эхлүүлж чадварлаг реппер болсон ба удалгүй кино урлагт ч алдар нэрээ цуурайтуулсан шилдэг жүжигчин болж чадсан юм.

ЛЕОНАРДО ДИ КАПРИО

Леонардо Холливуд дүүрэгт нэн ядуу айлд төржээ. Түүний ээж бэлэвсэн эмэгтэй байсан бөгөөд олон ажил хийж гэр бүлээ тэжээдэг байжээ. Леонардо ч бас гэр бүлдээ нэмэр болохын тулд багаасаа телевизийн цуврал кинонуудад туслах дүр бүтээж эхэлсэн байна. Харин өнөөдөр тэрбээр Академийн нэр хүндтэй шагнал болох Оскарт таван удаа нэр дэвшсэн дэлхийн хэмжээний “супер од” болжээ.

ЖАСТИН БИБЕР

Ганц бие өсвөр настай ээжээс төрсөн Жастин эдийн засгийн хүндхэн нөхцөлд өсч торнижээ. Ээж нь хүүгээ хооллохын тулд амсхийлгүй ажилладаг байсан бөгөөд хархтай хүйтэн гэрийг эхийн халуун хайр л дулаацуулдаг байжээ. Боломж бололцоо тааруухан байсан ч ээж нь түүний дуу хөгжмийн авьяасыг дэмжин хөгжүүлсэн нь өнөөдрийн амжилтанд хүрэхэд түлхэц болсон билээ. Орон нутгийн дууны тэмцээн дээр Жастины дуулж буй бичлэг “Youtube” сайтад тавигдсанаар түүний хувь тавилан өөрчлөгдсөн юм.

ЭМИНЕМ

Реппийн хаан гэгддэг Маршалл Мэтерс буюу Эминемийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “8 Mile” кино шүтэн бишрэгчдийнх нь дунд ихээхэн шуугиан тарьсан билээ. АНУ-ын Детройт хотод хүйтэн чиргүүл дотор амьдардаг байсан тэрбээр дунд сургуулиа орхиж хар тамхи татан болохгүй бүтэхгүй зүйлд бишгүй орооцолдож байжээ. Харин урлагт хөл тавьснаар бүх зүйл өөрчлөгдөж өнөөдөр Эминем дэлхийг доргиосон хүчирхэг авьяастан болж чадсан юм.

ЖЕЙ ЗИ

Шон Картер буюу Жей Зи залуудаа тийм ч таатай амьдралтай байгаагүй учраас хар тамхи зарж амьдралаа залгуулдаг байжээ. Харин реп дуулахыг суралцаж гудамжинд тоглолт үзүүлэх болсноор амьдралын зам нь өөрчлөгдсөн аж. Өнөөдөр тэрбээр дэлхийн хамгийн алдартай реппер хэмээгдээд зогсохгүй загварын ертөнц болон спортын салбар дахь хувийн бизнесээ ч амжилттай удирдаж явна.

СЕЛИН ДИОН

Алдарт дуучин Селин Дионы хөрөнгө өнөөдөр $250 сая ам.доллартай дүйцнэ. Тэрбээр Канадын Квебек мужид 14 хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлжээ. Тийм том гэр бүл 15 хоногт ердөө $250 ам.доллараар аж төрдөг байсан гэнэ. Селин Дион 12 наснаасаа дуулж эхэлсэн бөгөөд тарчигхан хэдий ч халуун дулаан гэр бүл нь түүнийг ухаан сууж хэрсүүжсэн “хүн шиг хүн” болгож хүмүүжүүлсэн бизээ.

ОПРА УИНФРИ

Өнөөдөр Опрагийн хувцаслалтын хэв маяг хэвлэлийн хуудаснаа үргэлж гялалзаж байдаг ч Миссисипи мужид өссөн тэрбээр багадаа өдөр бүр шуудайгаар оёсон хувцас өмсдөг байжээ. Дунд сургуульд байхаасаа л хамгийн шилдэг сурагч байсан Опра коллежоо төгсөөд телевизийн мэдээний нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлснээсээ хойш ур чадвараараа олон нийтийг бишрүүлсэн ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11530
0 эможи
keyboard_arrow_up