Тоглосон киногоо “үзэх дургүй - 10” жүжигчин
2014 оны 11 сарын 05
Холливудын зарим нэрт жүжигчид өөрийн тоглосон киногоо үзэх дургүй байдаг гэхээр итгэмээргүй уншигдаж байгаа ч энэ бол хачирхалтай үнэн юм. Зарим алдартнууд онцгойлон оноосон цөөн хэдэн кинондоо дургүй байдаг бол дараах жүжигчдийн хувьд тоглосон бүхий л бүтээлээ үзэх сонирхолгүй байдаг гэнэ. Ингээд чухам ямар ямар алдартнууд өөрсдийн тоглосон киног үзэх дургүй байдгийг болон учир шалтгааныг нь хамтдаа сонирхоцгооё.
№10. МЕГАН ФОКС
Холливудын хамгийн “халуухан” жүжигчдийн нэг Меган Фокс өөрийнхөө тоглосон киног ч байтугай гэрэл зургуудаа ч үзэхийг огт хүсдэггүй гэнэ. Учир нь тэрбээр гэрэл зургийн аппарат эсвэл дүрс бичлэгийн дурангийн өмнө гарахаараа амгалан байдлаа гээж тогтворгүй, өөртөө итгэх итгэлээ алдчихдаг юм байна. Тийм ч учраас өөрийн хангалттай сайн “нууж” чадсан айдсаа эргэж харахгүйн тулд ийм зүйлээс ангид байхыг илүүд үздэг ажээ. Тэрбээр www.parents.com вебсайтад өгсөн ярилцлагадаа өөрийн тоглосон кинонуудыг хүүхдүүддээ ч гэсэн нэг их үзүүлэхийг хүсдэггүй тухайгаа ярьсан байна.
№9. ЖОННИ ДЕПП
“Өөрийнхөө тоглосон киног үзэх нь сэтгэлийг минь шархлуулж өөрөө өөртөө урам хугарч, бухимдах сэтгэлийг л төрүүлэхээс биш өгөөжтэй зүйл өгдөггүй юм. Кино ертөнцөд миний тоглосон кино л байгаад байгаа биш, олон сайхан уран бүтээл байгаа учир цагаа дэмий үрэлгүй найзуудынхаа бүтээлийг сонирхдог.” хэмээсэн тэрбээр нэгэн цагт өөртөө өөрийнхөө тоглосон киног хэзээ ч үзэхгүй хэмээн амлалт өгч байсан гэнэ.
№8. РИЗ УИЗЕРСПУН
Өөртөө үнэхээр сэтгэл хангалуун байдаг хүн хэр олон бол...? Олонх нь л миний энэ ч тийм, тэр ч тийм, тэрийгээ ч өөрчилмөөр, энийгээ ч янзалмаар гэхчилэн байнгын дарамтанд байдаг хэмээн Риз Уизерспун үздэг. Тийм ч учраас өөрийгөө харах дургүй юм. Энэ нь ч түүнийг хангалттай тарчлаадаг учир өөрийн сул талыг өөнтөглөж харахыг хүсдэггүй ажээ. Түүний тоглосон маш олон гайхалтай кино бий. Өөрийнхөө ямар сайхан кинонуудыг чимсэнээ эргэн нэг хараасай гэж хүсмээр байна.
№7. НИКОЛЬ КИДМАН
Зарим хүмүүст хийсэн зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун бус байж төгс зүйлийг бүтээхийг эрмэлздэг. Гэвч тэдний хувьд төгс биш зүйл нь олон хүний хувьд төгөлдөрөөс ч илүү байдаг гэдгийг анзаардаггүй тохиолдол байдаг. Тэдгээр хүмүүсийн нэг бол нэрт жүжигчин Николь Кидман ажээ. Тэрбээр өөрийнхөө тоглосон киног үзээд хийсэн зүйлээрээ бахархаж байсан удаа огтхон ч үгүй гэнэ. Гэвч “Бангкок Хилтон” (1989) - оос эхлээд түүний тоглосон олон гайхалтай бүтээл бий шүү дээ.
№6. КОННИ БРИТТОН
Өөрийгөө дэлгэцээр харахдаа тэгтлээ сэтгэл гутардаггүй ч аймшгийн төрөл жанрын “American Horror Story” цувралыг огт үзэж чаддаггүй гэнэ. Хэн нэгэнтэй л хамт байхгүй бол өөрийнхөө тоглосон зарим аймшгийн киног тэрбээр үзэхээс битгий хэл сонсохоос ч эмээдэг байх юм.
№5. ЗАК ЭФРОН
Америкийн дуучин, жүжигчин Зак Эфрон тоглосон кинонуудаасаа нэн тэргүүнд өөрийн хийсэн “засаршгүй” алдаа дутагдлаа олж хардаг учраас тэр бүр үзээд байдаггүй гэнэ. Засаршгүй алдаагаа тэрбээр шинэ уран бүтээл дээрээ л голлон анхаарч давтахгүй байх боломжтой шүү дээ. Ингээд тэрбээр өөрийн тоглосон киногоо талархаж хүлээж авдаг ч алдаатайгаа нүүр тулахаас эмээж барагтай л бол үздэггүй юм байна.
№4. МЭТТЬЮ ФОКС
“ABC” телевизийн “LOST” (2004 - 2010) цувралаараа алдартай жүжигчин Мэттью киноныхоо ганц ч ангийг үзээгүй гэвэл та итгэх үү? Тэрбээр “Би “LOST” цувралын ганц ч ангийг үзээгүй. Ер нь бол тоглосон кинонуудаа үзээд байдаггүй. Зүгээр л өөрийгөө харах нь тийм ч таатай байдаггүй юм...” хэмээжээ.
№3. ЖУЛИАННА МУР
1990-ээд оноос уран бүтээлээ туурвиж яваа АНУ-ын нэрт жүжигчин, хүүхдийн зохиолч Жулианна Мур өөрийн тоглосон киног үзэх нь байтугай нээлтийн арга хэмжээнд нь ч төдийлөн ач холбогдол өгдөггүй ажээ. Тэрбээр тоглосон киногоо эргэж үзэхээс илүү кино зураг авалтын сайхныг мэдрэхийг илүүд үздэг юм. Жулианна Мур нь Холливудын хэсэг жүжигчдийн адилаар киноныхоо нээлтийн улаан хивсний ёслолд оролцчихоод л чимээгүйхэн алга болдог уран бүтээлчдийн нэг юм.
№2. ТОМ ХЭНКС
Дэлгэцийн 60 гаруй уран бүтээлд тоглосон жүжигчин Том Хэнкс өөрийнхөө тоглосон киног үзнэ гэдэг жүжигчин хүний хувьд хамгийн том тэнэглэл гэж үздэг нэгэн юм. Кино урлагт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулж байгаа түүний кинонуудыг хүмүүс нэгээс олон удаа шимтэн үздэг. Тэгвэл тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би тоглосон кинонуудаа нэг л удаа үздэг. Надад олон дахин үзэх шаардлага ч байдаггүй. Олон дахин үзлээ гээд нэгэнт тоглогдчихсон дүрийг хэзээ ч өөрчилж болохгүй шүү дээ.” гэсэн байдаг.
№1. АНЖЕЛИНА ЖОЛИ
Та бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн Холливудын хамгийн дур булаам бөгөөд хүчирхэг эмэгтэй бол Анжелина Жоли билээ. Тэрбээр “Би нэг их кино үзээд байдаггүй л дээ. Үзсэн нь гэвэл ганц хоёр л бий. Гэхдээ киног үзэхээс илүү зураг авалтын процесс хэрхэн явагдаж байгааг харах нь хамгийн сайхан нь байдаг. Өөрийнхөө тоглосон кинонуудаа үзэх тийм ч дуртай биш. Харин Брэд Питтийнхийг бол үзэх дуртай шүү.” гэсэн байна. Мөн түүнчлэн “Wanted (2008) киногоо ч ямар болсныг мэдэхгүй байна. Хүмүүсээс сонсохнээ инээдэмтэй л болсон гэж байналээ. Ер нь Брэдээс асуусан нь дээр...” гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11431
0 эможи